Tag Board
200

Эрүүл мэнд

Амны хөндий

Амны хөндий

Амны хөндийн микрофлор буюу бичил биетнүүдийн бүтэц үүрэг

Амны хөндийАмны микрофлорын нь шүлсний хэмжээ, хоол хүнсний онцлог, шүд угаалт, буйл салстын байдал, биеийн бусад онцлог ба ерөнхий өвчнүүдээс хамаарна. Амны хөндийн эдгээр микрофлорын тэнцвэр хэвийн байх нь амны хөндийн төдийгүй бусад эрхтэний өвчнөөс сэргийлэх нэг үндсэн нөхцөл болдог. Аманд 85-90% нь коккын төрөл , 54 төрлийн спирохет, вибрион, мөөгөнцөр, риккетси, вирус, бүдүүлэг биетэн байна. Амны хөндий дахь тохиромжтой орчин нь тухайн хүний наснаас хамаараад микрофлорууд янз бүр байна. Тагнай ,хацар, буйлан дээр стрептококк, вибрион, фузоспирохетийн комплекс байхад, шүд ургасны дараа агааргүйтэн бактер , вибрион, лакто-бацилл, мөөгөнцөрүүд бий болно.

Амны хөндийн микроб нь шүдний өнгөр ,шүдний ховил, хонхор, тагнайн хуниас, шүдний завсар, өөрөөр хэлбэл хоолны үлдэгдэл хуримтлагдаж болох бүх газарт л хуримтлагдан үрждэг байна. Шүдэн дээрх өнгөрийн 70% -ийг микроб эзлэх ба 1мг шүдний өнгөрт 250 сая , 1мл шүлсэнд 5×106-5×109 микроб агуулагдана.


Амны микрофлорын үүрэг

Амны хөндийн байнгын бактер болох Лактобактер идсэн нүүрс усыг задлаад сүүний хүчил үүсгэснээр хүчиллэг орчинд тэсвэргүй гол цоорол үүсгэгч стафилококк төдийгүй гэдэсний савханцар, гэдэсний балнад, цусан суулгын савханцар гэх мэт эмгэгтөрөгч организмын үржлийг зогсоодгоороо ач холбогдолтой.  Амны байнгын бичил биетэн болох микрофлор нь эмгэг төрүүлэгч хортой нянгуудын үржлийг зогсоож устгана.

Харин сапрофит амыг цэвэршүүлж , ялзралт, амны эвгүй үнэрийг дарна. Амны хөндийг удаан хугацааны турш ариутгалын уусмалаар зайлснаас ам нянгүйждэг байна. Энэ нь амны хөндийн хэвийн ба хэвийн бус нянгуудын зоохистой харьцааг алдагдуулж өвчин үүсгэх нөхцлийг бүрдүүлж өгнө. Иймд хувь хүн  амны хөндийг цэвэрлэхдээ цэвэр ус хэрэглэн угааж зөвхөн эмчийн зөвлөгөөгөөр ариутгалын уусмал хэрэглэж байх нь зүйтэй .

Шүлс ба түүний үүрэг

Шүлс нь чихний ойролцоо, хэлний доор, эрүүний доор байрлах  3 том шүлсний булчирхай ба олон жижиг шүлсний булчирхайн шүүрэл юм. Шүлсний орчин нь сул шүлтлэг буюу рн 6.8-7.0  саармаг байна. Шүлсийг амны шингэн буюу холимог шүлс ба цэвэр шүлс гэж ялгана. Амны шингэн нь  булчирхайн цоргоноос гарах цэвэр шүлс амны хучуур эдийн эсүүд, хоолны үлдэгдэл, нянгууд, шүлсэнд байх нейтрофил, лейкоциттэй холилдсоноор үүсдэг. Шүлсний  98.5-99.5% ус , 0.5-1.5% нь хуурай бодис байдаг байна. Шүлсний найрлага нь хувь хүний биеийн ерөнхий дархлаатай ихээхэн хамааралтай байдаг.

Шүлсэнд агуулагдах бодисууд  нянг устгах дараах үйлчлэлийг үзүүлдэг:

·         Лейкин-амьд ба гэмтсэн лейкоцитээс ялгарах ба зарим эмгэг төрөгчдийн үржил хөгжлийг зогсооно.

·         Опсонин- стрептококк, лактобактер ба зарим нэгэн санамсаргүй флоруудын залгих , шингээх чадварыг идэвхжүүлнэ.

·         Липаза-микроорганизмын өөхөн бүрхүүлийг устгаж , бусад бодис нөлөөлөхөд хялбар болгоно.

·         Лизоцим- грам эерэг бактерийг уусгаж, эмгэг төрөгч стафилококк, стрептококкын өсөлтийг саатуулна.

Шүлс маш чухал үүрэгтэй:

·         Шүдний пааланг гүйцэд эрдэсжин бат бөх байхад нөлөөлнө

·         Эрдэсжүүлэх , хүчиллэг орчинг саармагжуулах, цэвэрлэх үйлчлэлийг үзүүлнэ.

·         Бактерийн эсрэг үйлчилж өсөлт үржилтийг зогсооно.

·         Амны салст бүрхүүл ба шүдийг байнга чийглэг байлгана.

·         Фосфат, кальци болон олон төрлийн органик бодисын ионыг өөртөө агуулж паалан руу шингээнэ. 

·         Эрүүл хүнд шүлс нь пааланд эрдэс бодис нэвчих , паалангийн гадаргын рн-г саармагжуулах үйлчлэлтэй . 

·         Эрхтэн тогтолцооны өвчнүүдийн үед шүлсний хэмжээ чанар өөрчлөгдөж шүд болон салстад төрөл бүрийн өвчин үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна.

Амны салст бүрхүүлийн бүтэц, үүрэг

Амны салст бүрхүүл нь амны хөндийн эд эрхтэнийг бүхэлд нь бүрхэж,  гадны таагүй нөлөөнөөс хамгаална. Салст бүрхүүл нь олон давхраат хавтгай хучуур эд , салстын үндсэн ба салстын доод давхарга гэсэн 3 давхаргатай.

Амны салст бүрхүүлийн үүрэг:

Хамгаалах: нян, вирусыг эдийн гүн рүү нэвчихийг саатуулна. Амны салстын байнгын гуужилт нь салстад наалдсан нян болон түүний амьдралын бүтээгдэхүүнийг арилгана. Хучуур эд ба салстын үндсэн давхрагын эсүүд нь арьсны эсээс 3-4 дахин илүү хуваагдах чадвартай тул ямарваа нэгэн шарх нь богино хугацаанд эдгэрнэ.

Нэвчүүлэх:  иод , кали, натри зарим амин хүчил, карбонат, антибиотикийг бие махбодид нэвчүүлнэ. Энэ чанарыг ашиглан салстын өвчний үед эмийн бодисоор шавшлага хийнэ.

Мэдрэх: амны хөндийн салстад  халуун, хүйтниий , өвдөлтийн болон амтлах рецептор буюу мэдрэхүйн хүлээн авуурууд байна. Ийм чухал үүрэгтэй учраас түүнийг гэмтээхгүй байх нь маш чухал юм. Хэрвээ аманд ямар нэг шарх , шархлаа үүссэн бол өөрөө эмчлэх гэж цаг хугацаа алдалгүйгээр мэргэжлийн эмчээр үзүүлэн онош тодорсоны дараа зөв эмчилгээг эхлэх хэрэгтэй.

Шүдний үүсэл хөгжил

ШүдХүүхэд эхийн хэвлийд байхад анхдагч амны хөндий нь ургийн хөгжлийн 3 дахь 7  хоногтойд амны хонхор, анхдагч гэдэс хоёрыг тусгаарлаж байсан нимгэн хальс цоорсноор үүсдэг. Шүдний  хөгжил нь 6-8 долоо хоногтойгоос эхлэн 18-25 насанд агт араа шүд ургатал үргэлжилдэг удаан хугацааны үйл явц юм. Сүүн шүдний эх үүсгэвэр тавигдсаны дараа 10 дахь долоо хоногоос шүдний хөхлөг, 13-14 дахь долоо хоногтойгоос  анхдагч эсүүд, 15-16 дахь долоо хоногтойгоос шүдний эдүүд эрдэсжиж эхэлдэг. Хүүхэд төрөх үед сүүн шүдний цөгц нь хэлбэржиж гүйцсэн, байнгын шүдний үүсгэвэр нь тавигдсан байдаг.

Шүд шүдлэх зүй тогтол

Хүний шүд нэг удаа л солигддог. Өсөж буй шүдний үр хөврөл нь түүшин буюу эрүү хоншоорын ясны дотор гадаргуугаас цухуйж гараад , түүшингийн нягт ялтасыг шимэгдүүлж шүдэлнэ. Шүдлэхийн хирээр түүшин яс томорч шүд эрүүний тогтолцооны хөгжилд маш чухал физиологийн үйл явц болно. Энэ нь бие махбодын мэдрэл шингэний байдал гадаад орчны харилцан үйлчлэлийн үр дүнд явагдана. Сүүн шүд 6-7 сартайд цухуйгаад сүүн шүдний цөгц хөгжиж дуусахад сурвалж нь хэлбэржиж эхэлнэ.

Эрүүл өсөж буй хүүхдэд сүүн шүд шүдлэх хугацаа:

Төвийн үүдэн шүд

6-8 сартайд

Хажуугийн үүдэн шүд

8-12 сартайд

Соёо

16-20 сартайд

1-р бага араа

14-16 сартайд

2-р бага араа

20-30 сартайд

Хүүхдийн сүүн шүдний зуулт 2.5-3 настайд хэлбэржиж  нийт 20 шүдтэй болно. Байнгын  шүдний зуулт 6 настайгаас эхлээд 20-25 насанд шүдэлж дуусна. Байнгы шүдийг үүдэн шүд-8, соёо-4 , бага араа-8, их араа-8 , агт араа-4 гэж хуваагаад нийт 28-32 байнгын шүд ургана. Шүдлэх үйл явц нь тодорхой зүй тогтолтой явагдана. Шүд болгон шүдлэх тодорхой хугацаа, дараалал, байрлалтай айхаас гадна ээлжлэн , хос хосоороо урган гардаг зүй тогтолтой. Шүдлэлт нь хэвийн үйл явц учраас өвдөлтгүй явагддаг бөгөөд хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт болно.

Шүдний үүрэг

Шүд нь хоолыг зажлах, дуу авиаг тусгаарлан дуудах үечлэлд оролцохоос гадна гоо сайхны үүрэгтэй. Үүдэн шүд нь таслах, соёо шүд нь хоолыг хэрчих  тасдах, бага араа ,араа шүд нь хоолыг жижиглэн бутлах тээрмийн үүрэгтэй тул хэлбэр нь өөр өөр байна. Анатомийн хувьд шүдний буйлнаас дээш гарсан хэсгийг цөгц , эрүү, хоншоорын  ясанд суусан хэсгийг сурвалж, тэдгээрийн нийлж байгаа хэсгийг шүдний хүзүү  гэж 3 хуваана.  Шүдний эгнээ бүрэн бүтэн , хоршилт зөв байвал үсэг авиаг тод дуудахаас гадна залгих , зажлах  үйл ажиллагаа зөв байна.