Tag Board
200

Эрүүл мэнд

Амьсгалын цочмог дарангуйлагдах хам шинж

Амьсгалын цочмог дарангуйлагдах хам шинж (АЦДХШ)

(ARDS-Acute respiratory distress syndrom)

АЦДХШ, буюу уушигны хурц гэмтэл нь уушигны шууд гэмтэл, системийн хүнд өвчнүүдэд хүргэсэн шалтгаанаар хоёрдогчоор үүснэ. Уушигны гэмтэл болж, үрэвслийн медиатор ялгарснаас хялгасан судасны нэвчимтгий байдал ихсэх ба зүрхний бус гаралтай уушигны хаван, ихэвчлэн олон эрхтэн тогтолцооны дутагдалтай хавсарч явагддаг.

Шалтгаан

Уушигны: уушигны үрэвсэл; ходоодны аспираци; ингаляци болох; гэмтэл; васкулит; битүү гэмтэл. Бусад: шок септицеми; цус алдалт; төрөл бүрийн шингэн сэлбэлт; судсан дотор цус түгмэл бүлэгнэх хам шинж; панкреатит; элэгний хурц дутагдал; гэмтэл; тархины гэмтэл; хумхаа; өөхөн эмболизм; түлэгдэлт; эх барихын тохиолдлууд (эклампси; ургийн усаар эмболи болох); эмийн бодис/ хорт бодис (аспирин, героин, паракват).

Эмнэл зүйн онцлог: хөхрөлт; тахипноэ; захын судасны тэлэгдэл; уушигны хоёр талд амьсгал авалтын үед шаржигнуур сайн сонсогдоно.

Шинжилгээ

Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, мочевин, электролит, элэгний үйл ажиллагаа, амилаз, С идэвхт уураг үзэх, цусны бүлэгнэлтийн шинжилгээ, цусны өсгөврийн шинжилгээ, артерийн цусны хийн шинжилгээ хийх. Цээжний рентген шинжилгээнд хоёр талын уушгинд нэвчдэст өөрчлөт харагдана. Уушигны артерийн катетерийн тусламжтай уушигны артерийн хялгасан судасны шахах даралт (PCWP-pulmonary capillary wedge pressure)-ыг хэмждэг.

Оношлогооны шалгуур: 4 шалгуураас нэг нь тохирсон байх шаардлагатай:

(1) Хурц эхлэл.

(2) Цээжний рентген шинжилгээнд хоёр талын

нэвчдэст өөрчлөлттэй.

(3) Уушигны артерийн хялгасан судасны шахах даралт <19 мм м.у.б эсвэл зогсонгишлын зүрхний дутагдлын эмнэл зүй илрэхгүй байх;

(4) РаО2 -тай засагдахгүй гипоксеми ; АЦДХШ-ийн үед FiО2 <200 болдог. Мөн цээжний нийт уян харимхай чанар <30мл/см Н2О.

Эмчилгээ

Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасагт хэвтүүлж, тохирсон эмчилгээг хийж, доор дурьдсан шалтгааныг эмчилнэ:

Үүнд:

• Амьсгалыг дэмжих АЦДХШ-ийн эрт үед 40-60%-ийн хүчилтөрөгчийг үргэлжилсэн эерэг амьсгалын замын даралттай (CPAP-continuous positive airway pressure) өгөх нь хүчилтөрөгчжүүлэлтийг тохирсон хэмжээнд барих боломжтой. Хиймэл амьсгалын аппаратанд оруулах заалт: 60%-ийн хүчилтөрөгч эмчилгээг үл харгалзан РаО2<8.3кПа байх; РаСО2 >6кПа байх. Амьсгалын эзэлхүүн ихсэлт (10-15мл/кг)-ийг ердийн агааржуулалт дээр нэмж, уушигны уян харимхай чанарыг бууруулсаны дүнд үүсгэх нь АЦХХШ-ийн үед амьсгалын замын даралтын дээд хэмжээ ихсэх ± пневмоторакс болоход хүргэж болно. Амьсгал гаргалтын төгсгөлд эерэг даралт (PEEP-positive end-expiratory pressure) нь хүчилтөрөгчжүүлэлтийг нэмэгдүүлдэг боловч венийн эргэн ирэлт, зүрхний шахуурга, элэг, бөөрний цусны урсгалын үргүй зардлыг үүсгэдэг. Вентиляцийн эсрэг харьцаа (амьсгал авалт>амьсгал гаргалт)-тай, зөвшөөрөгдөх гиперкапни болон өндөр давтамжтай хүчтэй урсгалтай вентиляци, амьсгалын эзэлхүүн доогуур аргачлалтай зэрэг бусад арга замууд байдаг.

• Цусны эргэлтийг дэмжих Артерид гуурс тавих болон Сван-Ганзийн (Swan-Ganz) катетераар гемодинамикийг хянах нь оношлогооны зорилготой ба энэ нь PCWP, зүрхний шахуурга хянахад туслах боломжтой. Зүрхний шахуурга болон хүчилтөрөгч хүрч очилтыг инотроп (добутамин 2.5-10мг/кг/минут судсаар), судас өргөсгөх эм, цус сэлбэх зэрэг эмчилгээ хийж тогтвортой болгоно. Уушигны артерийн гипертензийг бага тунгаар (1саяд 20-120 хэсэг) азотын исэл, сонгомлоор уушигны судас тэлэх эмээр эмчлэх асуудлыг шийднэ. Бөөрний дутагдлын үед гемофильтраци хийх, шингэний тэнцвэрийг зохицуулах хэрэгтэй байдаг.

• Сепсис: Үүсгэгчийг тогтоож, зохих журмын дагуу эмчлэх. Эмнэл зүйд сепсисийн шинж илрэх хирнээ өсгөврийн шинжилгээнд үүсгэгч олдохгүй бол туршилт дээр суурилсан өргөн хүрээний антибиотикийг хэрэглэнэ. Бөөрөнд хортой нөлөө үзүүлдэг антибиотик хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

• Бусад: Хоол хүнсний хангамж: дотуур өгөх нь хамгийн зөв: Стероид нь хурц үеийн нас баралтыг бууруулдаггүй ч хожуу (7 хоногийн дараа) шатанд, ялангуяа цус болон гуурсан хоолой-цулцангийн угаадаст эозинофиль илэрсэн тохиолдолд үр дүнтэй байж болдог.

Тавилан

Ерөнхийдөө нас баралт 50-75% байна. Тавилан нь өвчтөний нас, АЦДХШ үүссэн шалтгаан, гэмтсэн эрхтэний тооноос (7 хоног болоогүй байхад 3 эрхтэн гэмтвэл амь насанд тун аюултай байдаг) хамаарна.

АЦДХШ-ийн эрсдэлт хүчин зүйлүүд

• Сепсис

• Уушигны үрэвсэл

• Жирэмслэлт

• Эм / хорт бодис

• Их хэмжээний шингэн сэлбэх

• Усанд живэх

• Толгойн гэмтэл

• Зүрх/уушигны шунт

• Гиповолиемийн шок

• Диабетийн кетоацидоз

• Эклампси

• Паракват, героин, аспирин

• Түлэгдэлт

• Хурц панкреатит

• Тархины даралт ихсэх

• Хавдар задралын хам шинж

• Гэмтэл

• Ходоодны аспираци

• Ургийн усны эмбол

• Уушигны битүү гэмтэл

• Утаанд хордох

• Судсан дотор цус түгмэл бүлэгнэх хам шинж

• Өөхөн эмбол

• Хумхаа