Tag Board
200

Эрүүл мэнд

Амьсгалын дутагдал

Амьсгалын дутагдал

Цусан дахь хийн найрлага тохирохгүй болсны улмаас гипокси болохыг амьсгалын дутагдал гэнэ. Энэ үед РаО2< 8кПа байх ба РаСО2-ийн хэмжээнээс хамаарч хоёр хэлбэрт хуваагддаг.

Амьсгалын дутагдал I хэлбэр РаСО2 хэвийн, эсвэл багассан байхад гипокси (РаО2< 8кПа) үүсэхийг хэлнэ. Энэ нь анхдагчаар агааржуулалт/цусны гүйдлийн харьцаа (Q/V) алдагдахад үүснэ.

Бусад шалтгаанд:

• Уушигны үрэвсэл

• Уушигны хаван

• Уушигны эмболизм

• Гуурсан хоолойн багтраа

• Уушигны эмфизем

• Фиброзон альвеолит

• Амьсгалын цочмог халтай хам шинж орно.

Амьсгалын дутагдал II хэлбэр гиперкапнитай (РаСО2 >6.0кПа) хамт гипокси (РаО2< 8кПа) үүсэхийг хэлнэ. Энэ нь цулцангийн агааржуулалт багасах болон Q/V харьцаа хэвийн, эсвэл алдагдсан үед үүснэ.

Шалтгаан:

• Уушигны өвчин: гуурсан хоолойн багтраа, УАБӨ, уушигны үрэвсэл, уушигны фиброз, нойрсох үед амьсгал бөглөрч зогсох хам шинж

• Амьсгалын зохицуулга алдагдах: тайвшруулах эм тариа, төв мэдрэлийн системийн хавдар, гэмтэл

• Мэдрэл булчингийн өвчин: хүзүү нугасны гэмтэл, өрцний саа, полиомиелит, үхлийн миастени, Жуллиан-Баррегийн хам шинж.

• Цээжний хэнхэрцэгийн ханын өвчин: хавтгай цээж, кифосколиоз. Эмнэл зүйн онцлог: Гипокси болон гиперкапни, зөвхөн гипоксийн зовиур, шинж тэмдэг, хам шинжүүд нь дор бичигдсэн.

Гипоксийн үед: амьсгаадах; сандрах (тэвчээргүй болох); түгшүүртэй; ухаан санаа самуурах; төвийн хөхрөлт. Удаан хугацаагаар үргэлжилсэн гипокситэй бол полицитеми; уушигны гипертензи; уушгин зүрх илэрнэ.

Гиперкапнийн үед: толгой өвдөх; захын судас тэлэх; тахикарди; судасны цохилт түргэсэх; салганах/сэтгэл зовинол; гүвдрүүт хаван; ухаан санаа самуурах; нойрмоглох; комын шинжүүд илэрнэ.

Шинжилгээг шалтгааныг илрүүлэх зорилгоор хийнэ.

• Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, мочевин электролит, С идэвхит уураг тодорхойлох, артерийн цусны хийн шинжилгээ хийх

• Радиологийн: цээжний рентген шинжилгээ

• Микробиологийн: цэр болон цусны өсгөврийн шинжилгээ

• Спирометрийн шинжилгээ: (УАБӨ, мэдрэл булчингийн өвчин, ЖуллианБаррегийн хам шинжийн үед).

Эмчилгээ: шалтгаанаас хамаарч эмчилгээ хийнэ.

I хэлбэрийн амьсгалын дутагдал:

• Үндсэн шалтгааныг эмчлэх

• Нүүрний маскаар хүчилтөрөгч (35-60%) өгч гипоксийг арилгах

• Хэрэв 60%-ийн хүчилтөрөгч эмчилгээ хийж байгааг үл харгалзан, РаО2<8кПа бол хиймэл амьсгалын аппаратанд оруулах

II хэлбэрийн амьсгалын дутагдал: Амьсгалын төв СО2-т мэдрэг бус болсонтой холбоотой байвал амьсгалаар гипоксийг засч чадна. Хүчилтөрөгч эмчилгээ хийж, асаргаа сувилгааг сайжруулна. Гипоксийг эмчлэхгүй орхиж болохгүй.

• Үндсэн шалтгааныг эмчлэх

• Хяналттай хүчилтөрөгч эмчилгээ: 24% хүчилтөрөгч өгч эхэлнэ.

• 20 минутын дараа артерийн цусны хийн шинжилгээг давтан хийнэ. РаСО2 хэмжээ тогтвортой, эсвэл багассан байвал хүчилтөрөгчийн концентрацийг 28% болгож нэмнэ. Хэрэв РаСО2 1.5кПа –аас их хэмжээгээр нэмэгдсэн байхад өвчтөн гипоксийн байдалтай байвал амьсгал дэмжих эм (доксапрам 1.5-4мг/мин судсаар) хэрэглэх, эсвэл аппаратын амьсгалд оруулах (эерэг даралттай хоргүй вентиляци хийх) асуудлыг шийдвэрлэнэ.

• Хэрэв үр дүнгүй бол интубаци хийх.

Артерийн цусны хийн шинжилгээг хэзээ хийх вэ ?

Дор дурьдсан эмнэл зүйн илрэлийн үед:

·         Өвчтний биеийн байдал санамсаргүй муудах

·         Цээжний эмгэг нь хурц сэдрэлийн байдалтай явагдаж байгаа өвчтөн

·         Өвчтний ухаан санаа өөрчлөгдөх

·         Амьсгалын чармайлт муудсан хүмүүс эсвэл дараахь зовиур, шинж тэмдэг илэрсэн үед:

Судасны цохилт түргэсэх, нойрмоглох, салганах (сэтгэл зовинол), толгой өвдөх, гарын алга ягаарах, гүвдрүүт хаван (СО2-ийн саатлын шинж). Хөхрөлт, ухаан самуурах, харааны галлюцинаци (гипоксийн шинж) эсвэл хүнд өвчтний өвчний давшингуй явцыг хянах:

Амьсгалын дутагдлын эмчилгээг хянах

·         Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт аппаратын амьсгалтай байгаа өвчтөн

·         Том талбайг хамарсан мэс заслын дараа

·         Их хэмжээний талбайг хамарсан гэмтэл

·         Арьсаар дамжуулан пульс оксиметрийн хэмжилт хийж, нотлох:

·         Пульс оксиметрээр СО2-ийн хэмжилтийг мэдэх боломжгүй зарим нэг сул талтай. Хэдий тийм ч гэсэн цусны хийг үе үе шалгаж үзэж болно. Артерийн хатгалтыг (хэсгийн мэдээ алдуулалт хийж, өвдөлтийг намдаах) мэргэжлийн түвшинд хийж сурах хэрэгтэй.