Tag Board
200

Эрүүл мэнд

Шээсний замын бөглөрөл

Шээсний замын бөглөрөл

Шээсний замын бөглөрөл нь элбэг тохиолдох, эргэх боломжтой эмгэг бөгөөд бөөрний үйл ажиллагааны алдагдалд хүргэж болно. Энэ нь бөөрний аяганцраас шээсний сүв хүртэл хаана ч үүсэж болно. Мөн хагас бөглөрөл, бүтэн бөглөрөл гэж байх ба нэг талаас (unilateral), хоёр талаас (bilateral) бөглөрсөн гэж ангилагдана. Бөглөрөл нь шээсний замын дотор талын (чулуу, цусны бүлэн, тасарсан хөхлөг, бөөр, шээлэй, давсагны хавдар), ханын (төрөлхийн болон олдмол нарийсал, мэдрэл булчингийн дисфункци, шистосомиаз), ханын гаднах (хэвлийн болон аарцгийн хөндийн үүсгэвэр, хавдар, ретроперитонеаль фиброз) гэж байна. Нэг талын бөглөрлийн үед эмнэл зүйн шинж харьцангуй бүдэг (шээсний гарц хэвийн) ялангуяа нөгөө талын бөөрний үйл ажиллагаа хэвийн үед шинж тэмдэггүй байна. Хоёр талын бөглөрлийн үед болон халдвартай хавсарсан тохиолдолд яаралтай арга хэмжээ авахгүй бол тавилан муутай.

Эмнэл зүйн онцлог

Дээд замын цочмог бөглөрөл: нуруугаар өвдөх ба өвдөлт нь цавь руу дамжина. Халдвар хавсарсан бол ууц нуруугаар чинэрч өвдөх ба бөөрний хэмжээ томорно.

Дээд замын архаг бөглөрөл

Нуруугаар өвдөнө, бөөрний дутагдал илрэнэ, халдварлагдана. Шээсний хувийн жин буурч, полиури илрэнэ.Доод замын цочмог бөглөрөл умдагны дээгүүр хүчтэй өвдөнө, ялангуяа давсаг дүүрсэн үед тод илэрнэ. Үзлэгээр тэлэгдсэн, чинэрсэн давсаг тэмтрэгдэнэ.

Доод замын архаг бөглөрөл

Шинж тэмдэг: шээс ойрхон олон гарна, хүчилж шээх, урсгалын хүч суларна, төгсгөл хэсэгтээ тасалдана, давсаг бүрэн сулраагүй санагдах болно.

Шинж тэмдэг: тэлэгдсэн давсаг тэмтрэгдэнэ, шулуун гэдэсний үзлэгээр түрүү булчирхай томорсон байна. Хүндрэл: ШЗХ, шээс цочмог хаагдах

Шинжилгээ

Цус: креатинин, Шээс: рН. (хүчилшүүлэх үйл ажиллагаа алдагдснаас дисталь сувганцар гэмтэнэ) Чанд авиа хэрэв бөглөрөл байвал ялгаруулах болон өгсөх урограммын шинжилгээ хийнэ. Цөмийн шинжилгээгээр бөөрний үйл ажиллагааны байдал, бөглөрлийг тодруулна.

КТ болон MRI шинжилгээ хийнэ.

Эмчилгээ

Бөглөрлөөс дээш халдвар үүсэх магадлал өндөр бол шээсний замыг яаралтай чөлөөлнө.

Дээд замын бөглөрөл: Цочмог бөглөрөлд нефростоми тавина. Архаг бөглөрөлд шээлэйд стент тавих эсвэл пиелопластик хагалгаа хийнэ. Доод замын бөглөрөлд: шээсний сүв болон умдагны дээгүүр катетер тавина. Хэрэв боломжтой бол бөглөрлийн шалтгааныг арилгах. Бөглөрлийг арилгасны дараа их хэмжээний диурез үүсэх учир их хэмжээний шингэн болон давсаа алдана. Жин, шингэний балансыг ойр ойрхон хянана.