Tag Board
200

Эрүүл мэнд

Bарикозын цус алдалт

Ходоод гэдэсний дээд хэсгээс цус алдах:

2 болон Bарикозын цус алдалт

Дурандах. Хэрэв арга хэмжээ авсаны дараа 4 цагийн дотор варикозын цус алдалт гэж сэжиглэх, эсвэл цус алдалт үргэлжилсээр байгаа, нөгөө талаар эмнэлэгт хэвтүүлснээс хойш 12-24 цагийн дотор дурандах шаардлагатай. Түүний үр дүнг цус алдалтын хэмжээ, байдлыг тогтоож, цус алдалт дахин давтагдах эрсдэлийг тодорхойлоход, улмаар эмчилгээний удирдамж, жишээ нь адреналин, судас хатууруулах эмчилгээ, варикозыг боох зэрэг шийдвэр гаргахад ашиглаж болох юм. Дахин цус алдах эрсдэлд холбогдох шинжүүд: артери судасны идэвхтэй цус алдалт (эрсдэл 90%), цус алдаж буй судас харагдах (эрсдэл 70%), наалдсан нөж|хар толбонцорууд (эрсдэл 30%).

Давтан цус алдах. Ахин дахин цус алдагсдын 40% нь хүндрэлийн улмаас үхдэг. Ийм учраас өндөр эрсдэлтэй өвчтөнүүдийг тогтоох болон давтан цус алдалтын шинжүүдийг сайн хянах хэрэгтэй. Омепразолыг судсаар тарих нь давтан цус алдалтаас сэргийлэх ач холбогдолтой . Хэрэв гематемезис, мелена ажиглагдах; пульс хурдсах; гүрээний венийн даралт (төвийн венийн даралтын хяналт) буурах; А|Д доошлох; шээсний гаралт багасах зэрэг шинжүүд гараад байвал мэс заслын эмчид мэдэгдэж, туслалцаа авах.

Мэс засал хийх заалтууд

+ Хүнд хэлбэрийн цус алдалт, эсвэл > 60 насны өвчтөнд 6 нэгж цус (хэрэв < 60 насны хүнд 8 нэгж цус) юүлсэн хирнээ цус алдсаар байх

+ Давтан цус алдах

+ Дурандаж байхад цус алдаж харагдах

+ Rockall-ийн оноо > 6 байх

Варикоз. Порталь гипертензийн улмаас хаалган венийн системийн судсууд тэлэгдэн өргөсөхийг варикоз гэдэг. Варикозын өөрчлөлт нь их төлөв улаан хоолойн доод хэсэгт, мөн ходоодонд (ходоодны варикоз), хүйсний эргэн тойронд (медузийн толгой – ховор) болон шулуун гэдсэнд (шулуун гэдэсний варикоз) тохиолдож болно. Варикоз нь гол төлөв порталь гипертензи (элэгний венийн даралт > 10 мм МУБ болоход) бүхий циррозтой өвчтөнд тохиолддог ба варикозын цус алдалт (хэрэв элэгний венийн даралт > 12 мм МУБ болвол)-аас болж тийм өвчтэй хүмүүсийн 30-50% нь нас бардаг.1

Порталь гипертензийн бусад шалтгаан. Пре-гепатик буюу элэгний өмнөх: Хаалган венийн тромбоз; дэлүүний венийн тромбоз. Элгэн доторхи: Цирроз (Их Британид 80%); шистозомиаз (дэлхий дахинд нийтлэг); саркоидоз; миелопролифератив өвчнүүд; элэгний төрөлхийн фиброз. Элгэн доорхи: Бадд-Киарын хам шинж (Бүлэг 18); зүрхний баруун талын дутмагшил; наалдаст перикардит; вен судасны бөглөрөлтөт өвчин г.м.

Варикозын цус алдалтыг нөхцөлдүүлэх эрсдэлт хүчин зүйлс: Хаалган венийн даралт ихсэх; варикозын хэмжээ их байх; дурангийн шинжилгээгээр өргөссөн судасны хана өөрчлөлттэй, жишээ нь гематоцистик толбонцорууд гарсан, Child-Pugh-ийн оноо > 8 байх (Хайрцгаас үзнэ үү).

Хэрэв архи хэтрүүлэн хэрэглэдэг, эсвэл циррозтой өвчтөнд ходоод гэдэсний дээд хэсгээс цус алдаж байвал түүний шалтгаан нь варикоз гэж сэжиглэх нь зүйтэй. Энд элэгний архаг өвчний шинжүүд, энцефалопати, спленомегали ± асцит байгаа эсэхийг ажиглах шаардлагатай.

Анхдагч сэргийлэлт: Варикозын цус алдалт бүхий циррозтой өвчтөн 30% орчим байдгийг дараахь арга хэмжээний ачаар 15% болтол нь бууруулж  болно:

(1) бета-блокаторууд (пропранолол 40-80 мг/12ц уулгах) ± нитрат (изосорбид мононитрат 10-40 мг/12ц уулгах) хэрэглэх.

(2) Эндоскопийн тусламжтайгаар томоохон варикоз бүхий судсыг боох. Энэ аргыг пропранолол хэрэглэхтэй харьцуулахад, анхны цус алдалтын эрсдэл илэрхий багасдаг байна.

О.T: Эндоскопийн аргаар судсыг хатууруулах эмчилгээ хийх нь үр ашигтайгаа илүү хүндрэл учруулах талтай. Хоёрдогч сэргийлэлт: Варикозын эхний цус алдалтаас хойш цаашид цус алдах эрсдэл өндөр байдаг. Дээр өгүүлсэн (1) ба (2) гэсэн арга хэмжээн дээр нэмж гүрээний судсаар дамжуулан элгэн доторхи хаалган венийн судсанд шунт буюу холбоос хийх, эсвэл мэс заслын холбоос хийх арга хэмжээ авч болох юм. Эндоскопийн тусламжтайгаар судас боох нь судсыг хатууруулах эмчилгээнээс давуутай (цус алдалтын давтамж бага бөгөөд хүндрэл гарах нь цөөн) юм. Гүрээний судсаар дамжуулан элгэн доторх хаалган венийн судсанд шунт хийх аргыг варикозын хяналтаас гарсан цус алдалтын үед ашиглаж болно. Хэрэв техникийн шалтгаанаар гүрээний судсаар дамжуулан элгэн доторхи хаалган венийн судсанд шунт хийх боломжгүй бол мэс заслын аргаар шунт тавих асуудлыг авч үзэх.

Варикозын цочмог цус алдалт: Өвчтөн дээр хашир туршлагатай мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах нь чухал.

+Арга хэмжээг гемодинамикийн үзүүлэлтүүд тогтворжих хүртэл үргэлжлүүлэх (харин 0,9%-ийн давсны уусмал хэрэглэж болохгүй).

+К аминдэм, хөлдөөсөн шинэхэн сийвэн хийх замаар цусны бүлэгнэлтийг дэмжих.

+Оstreotide (50g/цаг-аар 2-5 өдөр) судсанд тарих, эсвэл glypressin (=terlipressin 2 mg том үрлээр, дараа нь 2мг/4цагаар 3 өдөр) хэрэглэх. Нийт өвчтөний 83%-д нь үр дүнтэй байдаг.

+Эндоскопийн тусламжтайгаар судсыг хатууруулах эмчилгээ хийх. Үүнийг гагцхүү судасны идэвхит үйлчлэлтэй эмүүд үр дүн өгөхгүй үед л хэрэглэнэ.

Анхаарах нь: энэ аргыг бас судсыг боох боломжгүй үед хэрэглэж болно.

+Хэрэв цус алдалт хяналтанд авагдахгүй бол Миннесотын гуурс, Сенгстакен-Блэкморын гуурсыг варикоз судсыг дарах маягтай тавих, эсвэл дээр дурдсан гүрээний судсаар дамжуулан элгэн доторх хаалган венийн судсанд шунт хийх аргыг хэрэглэж болох юм.

Анхаарах нь: Судсыг хатууруулах эмчилгээг эрчимтэй хийх нь цус дахин алдах эрсдэлийг бууруулавч амьдрах хугацааг төдийлөн уртасгаж чаддаггүй.

Сенгстакен-Блэкморын баллонт гуурсаар варикоз судсыг дарах арга

Варикозын цус алдалт амь насанд заналхийлж байгаа үед Элэг судлалын төвд шилжүүлэх юмуу мэс заслын хагалгаанд оруулахад бас цаг хугацаа шаардагддаг. Ийм тохиолдолд ходоод болон улаан хоолойн өргөссөн судсыг дарах үүднээс хийлсэн гуурс тавих нь зохистой болно. Гуурсыг тавихын өмнө түүний баллонг эзэлхүүнийх нь хэмжээ (120-300 мл)-нд тааруулан, 60 мм МУБ бүхий даралттай (сфигмоманометр ашиглах) агаараар хийлэх шаардлагатай.

Үйлдлийг дараахь дэс дарааллаар гүйцэтгэнэ:

• Гуурсны баллон дахь хийг гаргахгүйн тулд хавчаар ашиглана.

• Гуурсыг тослоод хоолой руу оруулах (тайвшруулах эм хэрэглэхээс зайлсхийх) ба баллоноор агаарын урьдчилан тооцсон хэмжээг тааруулна. Анхаарах нь: Гуурс нь хүйтэн байх юм бол хоолойгоор явуулахад хялбархан байдаг тул түүнийг хөргөгчинд хадгалдаг номтой.

• Улаан хоолойд хийлсэн гуурс тавих. Гуурсан доторхи агаарын даралт (20-30 мм МУБД-аас доошгүй байх)-ыг шалгана. Ажилбарын энэ үе бол нэн осолтой: гуурсыг хамаагүй хүчилж оруулбал улаан хоолойг гэмтээж болзошгүй.

• Ходоодны баллоныг ходоод-улаан хоолойн уулзварт зөөлхөн хүргэхийн тулд өвчтөнийг духаар нь урагш мэхийлгэж өгнө.

• Мөн улаан хоолой болон ходоодноос аливаа зүйлийг чөлөөтэй соруулж авах гуурсыг сорох аппараттай холбож өгнө.

• Цус алдалтыг зогстол гуурсыг улаан хоолой, ходоодонд байлгана. 24 цагийн дараа гуурсыг сугалж авна.

Гуурсны янз бүрийн бүтэц, зохион байгуулалтаас шалтгаалан түүнийг тавих арга янз бүр байж болно. Хэрэв та туршлага багатай бол гуурсыг ганцаараа тавих гэж оролдох хэрэггүй. Ахмад, туршлагатай хүмүүсээс асуух хэрэгтэй. Хэрэв ерөөс боломжгүй бол өвчтөнийг Элэг судлалын төвд яаралтай шилжүүлэх нь зүйтэй.