Анагаах Ухааны сайт - Дурандах ба биопси авах
Tag Board
200

Эрүүл мэнд

Дурандах ба биопси авах

Дурандах ба биопси авах

Ходоод гэдэсний замын дээд хэсгийг дурандах

Оношлогооны заалтууд:

Диспепси, ялангуяа өвчтөн > 55 настай бол

Гематемезис

Ходоодноос биопси авах (хавдрын сэжигтэй)

Бөөлжилт үргэлжлэх

Дээрх гэдэснээс биопси авах (целиаки)

Төмөр дутлын анеми

Эмчилгээний заалт: Их төлөв цус алдаж буй газарт тариа хийх/судсыг түлэх.

Мөн:

• Улаан хоолойн варикоз судсыг хатууруулах, боох эмчилгээ

• Нарийссан хэсгийг (улаан хоолой, нугалуур) тэлэх

• Улаан хоолойн өмөнгийн үед хөнгөвчлөх (улаан хоолой тэлэгч тавих, лазер эмчилгээ г.м.) ажилбар гүйцэтгэх г.м.

Ажилбарын бэлтгэл: 8 цагийн турш хоол идүүлэхгүй байх (ажилбараас 90 минутын өмнө ус балгуулж болно). Өвчтөний зөвшөөрлийг авсан байх. Хэрэв тайвшруулах эм өгөх бол өвчтөнд 24 цагийн турш машин барьж болохгүйг зөвлөнө. Тэгээд дараахь үйлдлийг гүйцэтгэнэ.

Ажилбар: Тайвшруулах эм (жнь Midazolam 2 мг-аар судсанд тарих, пульсоксиметрийн

тусламжтайгаар О2-ийн хангамжийг хянах). Залгиурыг хэсгийн мэдээ алдуулагчаар мэдээгүйжүүлээд, уян дуранг залгиулна. Дурангийн зам дахь зүйлийг соруулах нөхцлийг бүрдүүлсэн байх. Хүндрэл: хоолой түр зуур гэмтэх; тайвшруулах эм хэрэглэсний дараа юу болсныг санахгүй байх; улаан хоолой, ходоод цоорох (< 0,1%); зүрх-амьсгал зогсох (< 0.1%).

О.Т: Хэрэв өмнө нь шүүрэл багасгагч эм бэлдмэл (жнь, пртоны насосын ингибитор) хэрэглэсэн бол дурангийн эмчид хэлэх шаардлагатай. Учир нь, тийм эм хэрэглэсний дараа өмөн хавдрын дурангийн оношийг 30% хүртэл будлиантуулдаг байна.

Дээрх гэдэснээс биопси авах. Энэ нь целиаки өвчний оношлогоонд алтан стандарт болдог ажээ. Түүнчлэн хоол муу шингэлтийн ер бусын шалтгааныг, жишээ нь лямблиоз, лимфома, Виппле-ийн өвчин, амилоидоз, микроскопийн колит зэргийг тогтооход тустай.

Сигмоидоскопи. Шулуун гэдсийг бүхэлд нь шалгах болон бүдүүн, шулуун гэдэсний өмөн хавдрыг сэжиглэсэн үед барийн бургуйтай шинжилгээ хийхийн өмнө уян юмуу уян бус дурангаар шулуун ба махир гэдсийг харах нь багагүй ач холбогдолтой. Уян бус дуранг бодоход, уян дурангаар харах нь илүү сайн боловч одоо болтол бүдүүн гэдэсний өмөнгийн 25%-д нь дуран хүрч харж чадахгүй байна. Ажилбарын бэлтгэл: 2 удаа цэвэрлэх бургуй тавих. Өвчтөний зөвшөөрлийг авах. Зарим өвчний үед, тухайлбал гэдэсний үрэвсэлт өвчин, амилоидоз зэргийн үед хэдийгээр дурангаар харахад хэвийн мэт байвч биопси авах нь зүйтэй.

Колоноскопи. Оношлогооны заалтууд: Шулуун гэдэсний цус алдалт; төмрийн дутал; удаан хугацааны суулгалт; барийн бургуйтай шинжилгээн дээр өөрчлөлттэй харагдсан хэсгээс биопси авах; Кроны өвчин ба шархлаат колитыг ялган үнэлэх; шулуун гэдэсний өмөнгийн сэжигтэй (зарим тохиолдолд); Strep. bovis-аар үүсгэгдсэн эндокардит г.м.

Эмчилгээний заалтууд: полипыг авах; ангиодисплазийн үед диатерми эмчилгээ (Бүлэг 13) хийх; хуурамч түгжрэл буюу гэдэсний урвалтыг эмчлэх. Бэлтгэл: Пикосульфатын натри буюу Picolax® нэг боодлыг бичиж өгч, өглөө болон үдээс хойхно, мөн дурандуулах өдөр ажилбар хийлгэхийн өмнөхөн хэрэглэхийг зөвлөнө. Өвчтөний зөвшөөрлийг авна.

Ажилбар: Дурандахын өмнө тайвшруулах болон өвдөлтийг намдаах үйлчлэлтэй эм өгөөд, уян колоноскопыг хошногоор оруулан, өгсүүлэх байдлаар бүдүүн гэдэсний дотор талыг эргэн тойрон харна. Хүндрэл: хэвлий орчим таагүй болох; шинжилгээг дуусгаж чадахгүй болох; гэдэс цоолох (0,2%); биопси юмуу полип авсаны дараа цус гарах зэрэг.

Элэгнээс биопси авах. Заалт: Элэгний үйл ажиллагааны сорилууд ихээхэн өөрчлөлттэй байх; архаг вируст гепатит; архинаас үүдэлтэй гепатит; аутоиммун гепатит; циррозыг сэжиглэх; элэгний өмөнгийн сэжигтэй; элэгний гэмтсэн хэсгээс биопси авах; шалтгаан нь тодорхойгүй халууралт. Ажилбарын өмнөх бэлтгэл: 8 цагийн турш хоол идэхгүй байх. Цусны бүлэгнэлт ба тромбоцитын хэмжээг шалгах. Зөвшөөрлийг нь бичгээр авах.

Өвчин намдаах эм бичиж өгөх.

Ажилбар: Тайвшруулах эм (жишээ нь диазепам 5 мг-аар судсанд тарих) хэрэглэх. Элэгний хил хязгаарыг тогшилтоор тодорхойлж, суганы дунд шугамаар тогшин, амьсгал гаргах үед хамгийн дүлий дуутай хэсгийг сонгон, хэсгийн мэдээгүйжүүлэлтийг (лидокаин 2%) үечлэн нэвчүүлэх байдлаар элэгний хальсанд хүртэл хийнэ. Амьсгалыг нь дахин чагнасны дараа амьсгал гаргах үеийг нь тааруулан биопсийн зүүг хатгана. Биопси авахуулсны дараа өвчтөнг орон дээр нь баруун хажуугаар нь 2 цагийн турш хэвтүүлээд, дараа нь 6 цагийн турш пульс, А|Д зэргийг нь хянаж ажиглана.

Хүндрэл: Хэсэг газарт өвдөх; пневмоторакс болох; цус алдах (< 0,5%); үхэлд хүргэх (< 0,1%).