Tag Board
200

Эрүүл мэнд

Гуурсан хоолойн багтраа

Гуурсан хоолойн багтраа

Хүн амын 5-8% нь гуурсан хоолойн багтраа өвчнөөр өвчилдөг. Амьсгалын замын эргэх шинж чанартай бөглөрлийн улмаас үүссэн, эмнэл зүйд амьсгаадах, ханиах, бачуурах шинж үе үе давтагдан илэрдэг онцлогтой өвчин юм. Амьсгалын зам нарийсах 3 хүчин зүйл байдаг. Үүнд: янз бүрийн цочроогч бодисын нөлөөгөөр гуурсан хоолой агших; шигүү мөхлөгт эс, базофилийн дегрануляци болсноос үрэвслийн медиатор ялгарсны дүнд салст хавагнах/ үрэвсэл явагдах; шүүрэл ялгарал ихсэх зэрэг өөрчлөлтүүдээс амьсгалын зам нарийсдаг.

Зовиур: үе үе амьсгаадах, бачуурах, ханиах (ихэвчлэн шөнийн), цэр гарах.

Дараахь асуултыг тодруулж асуух хэрэгтэй.

·         Шалтгаан: хүйтэн агаар, биеийн ачаалал, сэтгэл санаа, аллерген (гэрийн тоосны хачиг, ургамлын тоос, амьтны үс ноос, арьс), халдвар, эм тариа (үрэвслийн эсрэг дааврын бус эм, бета-блокатор эм)

·         Зовиур ба амьсгал гаргалтын урсгалын дээд хэмжээний хоногийн хэлбэлзэл. Амьсгал гаргалтын урсгалын дээд хэмжээ (PEF) ер нь өглөөд доогуур (уналтын байдалтай) үзүүлэлттэй байдаг. Хоногийн бусад цагт амьсгал гаргалтын урсгалын дээд хэмжээ хэвийн байгааг үл харгалзан, хүнд хэлбэрийн багтраа хөдлөл илэрч болно. Өвчтөн пикфлоуметрээр хэмжилт хийснээр үүнээс урьдчилан сэргийлж чадна.

·         Биеийн ачаалал: Биеийн ачаалал даах чадварыг тодорхойлох.

·         Унтахад шаналгаатай болох: долоо хоногт хэдэн шөнө ийм зовиур (хүнд хэлбэрийн багтрааны шинж) илэрч байгааг тодорхойлох.

·         Хүчлээр эргэж гулгих: энэ нь гуурсан хоолойн багтраатай хавсарч илэрдэг.

·         Бусад атопийн өвчин: экзем, hay fever, харшил, гэр бүлийн түүх.

·         Гэр орон сууц (ялангуяа унтлагын өрөө): Гэрийн тэжээвэр амьтан? хивснүүд? өдөн дэр, эсвэл хөнжил, дэвсгэр, орны бүтээлэг? шалны дэвсгэр, бусад зөөлөн тавилганууд?

·         Ажил мэргэжил: Хэрэв өвчний шинж тэмдгүүд нь долоо хоногийн амралтын өдрүүд, баярын өдрүүдэд арилдаг бол ажил дээр ямар нэгэн шалтгааны хүчин зүйл байж болох юм. Пикфлоуметрийн хэмжилтийг ажил дээрээ, гэртээ хийж, тэмдэглэл хөтлөхийг өвчтөнөөс хүсэх хэрэгтэй.

Ажлын бус өдрүүд

Шинж тэмдэг: тахипноэ; зайны хэржигнүүр; хэт тэлэгдсэн цээж; тогшилтоор хэнгэргэн авиа; агаарын оролт багассан; уушиг чагнахад тархмал, олон төрлийн хэржигнүүртэй. Хүнд хэлбэрийн багтраа хөдлөл: өгүүлбэрээ бүрэн гүйцээж ярьж чадахгүй болох; судасны цохилт >110 удаа/1мин; амьсгалын тоо >25 удаа/1мин; PEF байвал зохих хэмжээнээс 33-50% болно. Амь насанд аюултай багтраа хөдлөл: чимээгүй уушиг; хөхрөлт; брадикарди; тамир тэнхээгүй болох; PEF байвал зохих хэмжээнээс < 33%; ухаан санаа өөрчлөгдөх; амьсгалах чармайлт сул.

Шинжилгээ

Гуурсан хоолойн багтрааны архаг хэлбэр: PEF хянах; 2 долоо хоногийн хугацаанд долоо хоногт 3-аас олон хоногийн хэлбэлзэл > 20% байх.

Спирометрийн шинжилгээ: бөглөрлийн хэлбэрийн алдагдал (FEV1/FVC багасах, RV ихсэх); β2-агонист, эсвэл, стероид эмчилгээний туршилтаар FEV1 ≥15% үр дүнтэй. Цээжний рентгенд хэт агаараар тэлэгдсэн өөрчлөлттэй. Арьс хатгах сорил нь аллергеныг тогтооход туслаж болно. Гистамин, метахолиноор сэдээх сорил хийх.

Аспергиллийн серологийн шинжилгээ. Хурц багтраа хөдлөл: PEF, цэрний өсгөврийн шинжилгээ, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, мочевин болон электролит, С идэвхт уураг тодорхойлох, цусны ариун чанар үзэх шинжилгээ хийнэ. Артерийн цусны шинжилгээ ихэвчлэн хэвийн үзүүлэлтэй, эсвэл РаО2 хэмжээ буурсан, РаСО2 хэмжээ багассан (хэт агааржилт болсноос) байна. Хэрэв РаО2 хэмжээ хэвийн, өвчтөн хэт агааржуулагдаж байвал түүнийг анхааралтай хянаж, нэг их удалгүй артерийн цусны хийн шинжилгээг давтан хийх хэрэгтэй. РаСО2 хэмжээ ихэссэн үед өвчтөнийг эрчимт эмчилгээний өрөөнд, эсвэл сэхээн амьдруулах яаралтай тусламжийн тасагт хиймэл амьсгалд оруулах зорилгоор шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. Цээжний рентген (халдвар, эсвэл пневмотораксийг үгүйсгэх) хийх.

Ялган оношлогоо

Уушигны хаван (зүрхний багтраа); УАБӨ (ихэвчлэн хавсарч явагддаг); Амьгалын дээд замын бөглөрөл (хавдар, гадны биет); дээд хөндий венийн дарагдлын хам шинж (багтрах/амьсгаадах боловч тохиолдлын шинжтэй бус); пневмоторакс; уушигны эмболизм; гуурсан хоолой тэлэгдэх өвчин; бөглөрөлт бронхиолит (настангуудад таамаглах). Хавсарсан өвчнүүд: улаан хоолойн сөргөө; зангилаат полиартрит; Чург-Штраусийн (Churg-Strauss) хам шинж; харшлын гаралтай гуурсан хоолойуушигны аспергиллиоз.

Амьдралын түүх

Бага насандаа багтраатай байсан бол ихэнхдээ өсвөр нас, насанд хүрсэн үедээ гуурсан хоолойн багтраагаар өвчилдөг. Гуурсан хоолойн багтрааны архаг хэлбэр хожуу насанд илрэх нь ач холбогдол бүхий тоон үзүүлэлттэй байна.

Нас баралт: Англид нас баралт 2000 тохиолдол/жил зураглал байдаг; маш нарийн явуулсан судалгааны үр дүнгээр энэ зураглалыг хоёр дахин багасгасан. 50-аас илүү хувь нь 65-аас дээш насалж байна.

Гуурсан хоолойн багтрааны архаг хэлбэрийн эмчилгээ

Өвчтний өөрийнх нь зан төрх, биеэ авч явах байдалд тавих хяналт: Тамхи татдаг бол тамхи хаях, сэдээгч хүчин зүйлүүдээс зайлсхийх хэрэгтэй. Амьсгалахад авах үед цацаж хэрэглэдэг эмийг хэрэглэх арга барил нь зөв эсэхийг шалгаж байх. Өвчтөнд пикфлоуметрийг хэрэглэж, өдөрт хоёр удаа хэмжилт хийж, хянах талаар сургалт явуулах. Өвчтөн өвчний шинж тэмдэг илрэх, PEF үзүүлэлт өөрчлөгдөх үед эмээ зүй зохистой хэрэглэх талаар мөн сургалт зохион байгуулна.

Яаралтай тусламж шаардсан үед юу хийх хэрэгтэй тухай тусгай зөвөлгөө өгнө; Үйл ажиллагааны төлөвлөгөөг бичиж хэрэгжүүлэх ёстой.

Английн цээжний нийгэмлэгийн удирдамж: Өвчний хүнд хөнгөний зэрэгт тохирсон эмчилгээ эхлэнэ; хэрэв шаардлагатай бол нэг шат өгсөж, эсвэл 3-аас дээш сарын хугацаанд хянахад сайжирсан бол шат бууруулж эмчилнэ. Ямар ч үед преднизолоны курс эмчилгээ хийснээр өвчтөнийг аварч болох юм.

Шат 1 Өвчний шинж тэмдгийг намдаах шаардлага гарвал богино үйлчилгээтэй β2-агонистыг цацлагаар хэрэглэнэ. Өдөрт нэгээс олон удаа хэрэглэх, эсвэл шөнийн шинж тэмдэг илэрвэл шат 2 эмчилгээг хийнэ.

Шат 2 Цацлагын стероидыг стандарт тунгаар нэмж хэрэглэх: беклометазон, будесонид 100-400μг/12цаг, эсвэл флутикакон 50-200μг/12цаг Шат 3 Удаан үйлчилгээтэй β2–агонистыг (сальметерол 50μг/12цаг, формотерол 12μг/12цаг) нэмж хэрэглэх. Хэрэв ашиг тустай хирнээ байнгын хяналтын шаардлага хангаагүй бол беклометазон 400μг/12цаг хүртэл тунг ихэсгэнэ. (Удаан үйлчилгээтэй β2–агонистыг үр дүнгүй бол хасах)

Шат 4 Өмнөх эмчилгээг харгалзан үзэж: беклометазон 1000μг/12цаг хүртэл; удаан үйлчилгээтэй теофиллин уухаар; удаан үйлчилгээтэй β2–агонист уухаар; лейкотриены рецепторын антогонист уухаар өгөх; эмчилгээний сорилт хийх асуудлыг шийдвэрлэнэ.

Шат 5 Преднизолон уухаар байнга хэрэглэх (аль болох бага тунгаар өдөрт 1 удаа уух). Гуурсан хоолойн багтрааны клиникт зөвлөгөө авахуулахаар явуулна.

Эм бэлдмэл

β2–адренорецепторын агонист хэдхэн минутын дотор үйлчилж, гуурсан хоолойн гөлгөр булчинг сулруулна. Сальбутомал амьсгалаар (аэрозоль, нунтаг, небулайзер) өгөх нь хамгийн сайн байдаг. Мөн уухаар, судсаар тарихаар хэрэглэж болно. Гаж нөлөө: тахиаритми, К+ багасах, салганах, сэтгэлийн зовинол. Амьсгалаар хэрэглэдэг удаан үйлчилгээтэй β2–агонист (сальметерол, формотерол) шөнийн шинж тэмдэг болон PEF-ийн өглөөний `уналт`-ыг багасгадаг. Шинж тэмдгүүдийг хянах боломжгүй үед стероидын тунг ихэсгэх эмчилгээ хийхэд эдгээр эмийг хэрэглэнэ. Гаж нөлөө: сальбутамолтой адил, мөн

гуурсан хоолой гаж агших (сальметерол), дасал болох, аритми.

Кортикостероидыг амьсгал авах үед хэрэглэх нь тун сайн. Беклометазоныг аэрозоль (нунтаг) хэлбэрээр, мөн уулгаж, судсаар тарьж хэрэглэдэг. Эдгээр нь хэд хоногийн дотор гуурсан хоолойн салст бүрхэвчийн үрэвслийг багасгах үйлчлэл үзүүлдэг. Стероидыг амьсгалаар хэрэглэсний дараа амаа зайлах нь амны хөндийн кандидозоос сэргийлдэг. Өвчний цочмогдуу үед стероидыг (өндөр тунгаар, богино курсээр, жнь, преднизолон 30-40мг/24цаг уухаар, 7 хоног) уухаар хэрэглэж, цаашид амьсгалаар стероидыг хэрэглэж хянах боломжгүй, мөн цацлагаар хэрэглэхэд тохиромжгүй бол бага тунгаар (5-10мг/24цаг) удаан хугацаагаар уулгаж хэрэглэнэ.

Аминофиллин фосфодиэстераз ферментийг дарангуйлж, улмаар цАМФ хэмжээг ихэсгэснээр гуурсан хоолойн агшилтыг сулруулах үйлчилгээ үзүүлнэ. Шөнийн шинж тэмдэг болон өглөөний `уналт`-аас урьдчилан сэргийлэх зорилгоор уулгаж хэрэглэдэг. Аль нэг брэнд нэртэй эмийг сонгож хэрэглэх (учир нь биоидэвх нь янз бүр) нь зүйтэй. Хэрэв амьсгалаар эм хэрэглэхэд тохиромжгүй бол хавсарч хэрэглэвэл ач холбогдолтой байдаг. Хурц хүнд хэлбэрийн багтраа хөдлөлийн үед судсаар тарьж хэрэглэнэ. Аритми, ходоод гэдэсний хямрал, таталт зэрэг хордлогын тунгаас үүдсэн гаж нөлөөнүүдийн улмаас эмчилгээний хэрэглээ нь хязгаарлагддаг. Теофиллины түвшинг шалгаж байх хэрэгтэй. Мөн

зүрхний цахилгаан бичлэг хийж хянах, сийвэнгийн теофиллины түвшинг хэрэглэж эхэлснээс 24 цагийн дараа үзнэ.

Антихолинергийн бэлдмэл (ипратропиум) булчингийн агшилтыг сулруулах, β2агонисттой синергист үйлчлэлтэй. Эдгээр нь УАБӨ-ий эмчилгээнд багтрааны үед хэрэглэснээс илүү ач тустай байдаг. Эхлээд дангаар нь, дараа нь β2агонисттой хавсарч хэрэглэнэ; спирометрийн шинжилгээ хийж үнэлэлт өгөх хэрэгтэй.

Кромогликатыг хөнгөн хэлбэрийн болон биеийн ачааллын багтраа (амьсгалаар)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор ялангуяа хүүхдүүдэд хэрэглэдэг. Энэ нь багтрааг хөдөлгөж болох юм. Лейкотриены рецепторын антагонист (монтелукаст, зафирлукаст) нь амьсгалын зам дахь цистейнил лейкотриены идэвхийг саатуулна.

Бронхи өргөсгөгч эм