Tag Board
200

Эрүүл мэнд

Хүүхэд ба Компьютер

Хүүхэд ба Компьютер

Хэрвээ та хүүхэдтэй бол энэ хэсгийг заавал уншаарай.
Хүүхэд ба Компьютер
Найман настай нэгэн хүү гэртээ болон сургууль дээрээ үргэлж компьютер ашиглаж найзууд руугаа, эмээ өвөө рүүгээ захиа бичиж чатладаг. Тэр хэдэн цагаар суудаг бөгөөд саяхан эмчид үзүүлтэл түүний хараа тогтворгүй болж, цаашид муудна гэжээ. Арван настай хүү ихэнх цагаа сургуулийнхаа компьютер дээр найзуудтайгаа чатлаж өнгөрөөдөг. Чатлахаас гадна гэрийн даалгавраа бас компьютер дээр хийдэг байна. Тэр компьютер дээр ажиллаж байхдаа ширээн дээрээ гараа хэсэг зуур л тавьдаг, эсвэл товчлуур дээр хэдхэн тогшоод л гараа амраачихлаа гэж боддог байжээ. Энэ бүгдийн эцэст тэр хурууны эмгэгтэй болж, хурууны үзүүр мэдрэхүйн сааталд орсон байна. Таван настай хүү компьютер тоглохдоо аавынхаа суудаг сандал дээр суудаг. Түүнд өөрт нь таарсан компьютер, ширээ сандал гэж байхгүй. Тэр дэлгэц рүү хэт тонгойн суудгаас болж нуруу болон хүзүүний эмгэгтэй болжээ. Түүнээс гадна хэт их тоглодгоосоо болоод шөнө тавтай унтаж, амарч чадахгүй цочин сэрж, бие нь ядарч сульдан, стрессд орж эхэлжээ.

Компьютер хэдий маш ашиг тустай, хоббигоо хөгжүүлэх, сурч боловсроход голлох нөлөөтэй хэдий ч энэ мэтчилэн компьютерийн хүүхдэд үзүүлэх хор нөлөө их. Билл Гэйтс өөрийнхөө хүүхдүүдийг телевиз ба компьютерийн өмнө 45 минут, харин амралтын өдрүүдэд 1 цагийн турш сууж болно гэжээ. Хүүхдүүд нь түүний энэ журмыг үнэхээр мөрддөг болов уу? Би лав итгэхгүй байна. Билл Гэйтсийг худалч гэх гээгүй юм шүү, зүгээр тэр ажил дээрээ ихэнх цагаа өнгөрөөдөг, гэртээ хүүхдүүдтэйгээ тийм олон цагаар хамт байдаг гэдэгт итгэж өгөхгүй л байна. Тийм ээ, эцэг эхчүүд хүүхдэдээ хяналт тавьж чадаж байгаа гэж боддог ч таны тавьсан Билл Гэйтсийнх шиг дүрэм тэр бүр мөрдөгдөж чаддаггүй. Хүүхэд тань компьютерийн ард удаан суувал өмнө бичсэн учрах аюул, нөлөөнүүд, өвчин эмгэг хүүхдийг ч бас тойрч гарахгүй дайраад гарна. Хүүхэд нас бол өсөж том болж байгаа нас. Тэгэхээр наад зах нь түүний суух компьютерийн ширээ сандлын харьцаа байн байн өөрчлөгдөнө гэсэн үг. Бидний суудаг ширээ сандал дээр хүүхэд сууж болохгүй нь тодорхой. Үүнд дараах хэдэн аргууд танд туслах болно.

1. Сандал дээрээ хүүхдээ суулгах нэмэлт суудал байрлуул
Энэ бол хамгийн хялбар арга. Хүүхдэдээ дахиад сандал ширээ бэлдэж бөөн төвөг болж байхаар хүүхдэдээ таарсан тогтвор сайтай, ая тухтай нэмэлт суудал бэлдээд л авчих. Тэгээд хүүхэд тань суух болохоороо түүнийгээ таны сандал дээр тавиад л суучихна шүү дээ. Эсвэл өндөр намхныг нь тохируулдаг сандалтай бол хүүхдэдээ тааруулаад өндөрсгөх хэрэгтэй. Ингэхээр таны хүүхдийн хөл газар хүрэхгүй болно. Үүнийг шийдэхэд бүр ч амархан. Түүнд таарсан хөлийн тавиур бэлдэхдээ нүсэр том юм бодох хэрэггүй, таарсан цаасан хайрцаг, эсвэл хэдэн том зузаан ном давхарлаад тавьсан ч болохгүй юм байхгүй. Мэдээж таны сандлын түшлэг нааш цааш болгож тохируулдаг байх ёстой, хэрвээ тийм биш бол нуруунд нь дэр тохируулан тавьж өгч болно. Ингээд л гүйцээ.

2. Мауз ба кейборд
Мауз, кейборд хоёр дээр анхаарах зүйлсүүд таны хүүхдэд ч бас хэрэгжинэ. Гэхдээ хамгийн гол нь таны хүүхдийн гар таныхаас хамаагүй жижиг байгаа болохоор маузаа жаахан анхаарах хэрэгтэй. Хүүхэд чинь жижигхэн жаахан гараараа том маузны товчийг дарах гэж багагүй хүч гаргана. Олон хуруугаараа удирдаж болдог зурган дээрх мауз бол хүүхдэд зориулсан хамгийн сайн шийдэл юм. Ер нь тэгээд анх компьютер авахдаа л хүүхэдтэйгээ марталгүй, хүүхэд томчуул аль нь ч хэрэглэсэн эвтэйхэн дизайнтайг сонгож авах хэрэгтэй.

3. Нүдийг зайлшгүй анхаар
Тэдний нүдийг зайлшгүй анхаарах хэрэгтэй. Таны нүд өвддөг юм чинь хүүхдийн нүд бүр их чилнэ. Хүүхдэд 18-20 инчийн дэлгэц илүү тохиромжтой байдаг. Учир нь хүүхэд дэлгэц дээр гарсан дүрс, бичгийг харахдаа дэлгэцэд хэт ойртохгүйгээр тодорхой харж чадах юм. Ер нь дэлгэц дээр байгаа зүйлсийг харах гэж хүүхэд урагш бөхийх гээд байдаг учраас том дэлгэц хүүхдэд арай тааламжтай байдаг. Мэдээж хэтэрхий том дэлгэц харахад хэцүү байх нь ойлгомжтой. Хүүхэд дэлгэц рүү өлийж харвал хүзүү нь чилэхээс гадна нүдэнд ачаалал өгдөг тул сандлын өндрийг заавал тохируулах хэрэгтэй хэмээн дахин анхааруулъя.

4. Хүүхэд компьютерийн өмнө удаан суух ёсгүй
Танай хүүхэд хамаг байдгаа мартатлаа компьютерийн өмнө хэзээ ч сууж болохгүй. Та л үүнийг сэргийлж чадахаас биш тэд өөрсдийгөө хянана гэж огт бүтэхгүй зүйл. Хүүхэд ямар ч амралтгүйгээр 30 минутаас илүү суух ёсгүй. Ядаж 30 минут болоод нүдээ компьютерийн дэлгэцээс холдуулж, цонхоор гадагш хэсэг зуур харах нь хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Тэгээд дараа нь гар хөл, нуруу хүзүү гээд зарим хэсгүүдээ хөдөлгөх энгийн дасгалуудыг хийж болно. Учир зүггүй биеийн дасгал хийхээсээ хүүхэд тань төвөгшөөгөөд байвал та ойр зуурахан зарчих. Энэ нь зальтай бөгөөд амар арга юм. Танд ойр зуурын юм дөхүүлээд өгөхөөсөө төвөгшөөх нь арай л бага байх болов уу. Бас хамтдаа явган явах, тоглох, толины өмнө бүжиглэх нь зугаатай дасгал болно. Ер нь бол дэлгэц буюу компьютер, телевиз, видео тоглоомын өмнө өдөрт 1-2 цаг суух ёстой гэж эмч нар зөвлөдөг. Тэгэхээр аль болох хүүхэдтэйгээ хамт байж, ямар нэгэн зүйлийг хамт хийж, хамт тоглож байвал таны хүүхэд дэлгэцийн өмнө бага цаг өнгөрүүлэх болно. Мөн өөрийнх нь өрөөнд компьютер тавьж өгөхгүй байх хэрэгтэй. Хэрвээ өрөөнд нь компьютер байрлуулаад өгчихвөл бүх юм хяналтаа алдана гэсэн үг.

5. Юу хийж байгааг нь боломжоороо хяна
Хүүхдээ боломжийнхоо хирээр хянаж байх хэрэгтэй. Хэрвээ ямар ч хяналт байхгүй бол хүүхэд тань сурч боловсрох, мэдлэгээ дээшлүүлэх гээд өөрт хэрэгтэй зүйлсээ хийхийн оронд ямар ч ашиг тусгүй зүйл хийн эрүүл мэндээ муутгах болно. Интернэт рүү орж өөрт хэрэгтэй мэдээлэл хайхын оронд дэмий сайт руу орвол яах вэ. Энэ дэлхий дээр садар самуун, архи тамхи сурталчилсан, эсвэл эрүүл мэндэд хортой хүнсний бүтээгдэхүүн сурталчилсан ёс зүйгүй сайтууд олон бий. Компьютер дээр суух хүүхэд ямар ч хяналтгүйгээр эдгээр сайтууд орлоо гэхэд хүмүүжлийн маш сөрөг үр дагаврын эхлэл болно гэсэн үг. Эдгээр сайтууд руу орохоос хориглосон програм хангамж дэлхийд олон бий, үүнийг судлан компьютертаа суулгах хэрэгтэй гэж зөвлөе. Зөвхөн компьютер ашиглах ч биш, телевиз үзэх, компьютер тоглох гээд бүгдэд хараа хяналт хамаатай гэдгийг байнга санаарай.

6. Аюулгүй байдал хамгаас чухал
Энэ хэсэг нь хүүхдийнхээ юу хийж байгааг хянахтай жаахан төстэй юм. Гэхдээ та хүүхдийнхээ аюулгүй байдлыг нь хангах үүднээс хэд хэдэн зүйлийг хүүхдэдээ маш сайн ойлгуулах хэрэгтэй юм. Эдгээрийг анзаараагүйгээс болоод хүүхдийн биеийн байдал болон танай гэр бүлд маш том гарз хохирол учрахыг үгүйсгэх аргагүй.
  • Юун түрүүнд компьютерийнхаа залгуур, холболтын утас, өрөөний цахилгааны холболтыг найдвартай аюулгүй байлгаж, ширээ сандал, тавиур зэргийг бат бөх чанартай байлгах ёстой. Компьютер хүүхдийн хөл дээр унаад бэртээчхийг хэн үгүй гэх вэ.
  • Хүүхэд тань мэйлээ шалгахдаа танихгүй хүнд хэзээ ч хариу бичиж болохгүй гэдгийг өөрт нь маш сайн анхааруулах хэрэгтэй. Хэрвээ танихгүй хүнээс захиа ирсэн бол ээж аавдаа мэдэгдэх ёстойг сайтар захиарай. Энэ бол их төвөгтэй асуудал. Хүүхдийнхээ нууцыг ч бас хүндлэх ёстой болохоор тэр бүр хувийн захиа руу нь нэвтрээд хянаад байх утгагүй юм.
  • Хэрэглэгчдээ бүртгэн гишүүн элсүүлдэг сайтууд маш олон байдаг. Тэгэхээр чухал биш ямар ч сайтад хэрэглэгч болж өөрийн утас, гэрийн хаяг, овог нэр гэх мэт хувийн мэдээллээ өгөх ёсгүй гэдгийг мөн л анхааруулж байгаарай. Сайтууд өөрсдийгөө найдвартай гэдэг ч юмыг яаж мэдэх вэ.
Хүүхэд тань өөрийнхөө нууц үгийг хэнд ч хэлж болохгүй.