Tag Board
200

Эрүүл мэнд

Гэдэс цочролын хамшинж

Гэдэс цочролын хамшинж (ГЦХ)

ГЦХ бол органик бус шалтгаантай, хэвлийн нэгэн төрлийн бүлэг шинж тэмдэг юм. Түүнийг их төлөв гэдэсний хөдөлгөөний хямралын нэгэн төрлийн эмгэг гэж үздэг.

Эмнэл зүйн ялгаа

Их төлөв 20-40 насны хүмүүс энэ эмгэгээр өвчилдөг ба эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс нэлээд илүүтэй тохиолддог.

Шинж тэмдэг

Гол төлөв хэвлийн гол дунд хэсгээр, эсвэл доод хэсгээр өвддөг (тэр хүндээр бие зассаны дараа намждаг); гэдэс дүүрдэг; гэдэсний хөдөлгөөн маш хувирамтгай (өтгөн хаталт ба суулгалт ээлжилдэг) болдог; гэдсээр хий базлуулдаг; шулуун гэдсээр салс, залхаг ялгарч гардаг. Дотор муухайрах, хурьцах үед түвэгтэй юмуу өвдөх (эмэгтэй хүний тухайд) зэрэг шинжүүд төдийлөн нийтлэг биш; мөн нуруу, гуя, эсвэл цээжээр өвдөх; шээх давтамж алдагдах зэрэг шинж гарч болно. Шинж тэмдгүүд их төлөв архаг (>6 сар) байхын зэрэгцээ стресс, биений юм ирэх, гастроэнтерит болох зэрэг шалтгаанаар сэдэрдэг. Шинжүүд: Үзлэгээр төдийлөн онцгой шинжүүд мэдэгдэхгүй боловч хэвлий нилэнхүйдээ чангарсан байх нь нэлээд нийтлэг ажиглагддаг. Сигмоидоскопийн шинжилгээний үед гэдсийг хийлэх нь өвдөлтийг сэдрээж болно.

Органик өвчний шинж: (өөрөөр хэлбэл, тэр нь ГЦХ-д таагүй нөлөөлж болох юм) Нас >40 байх; үүх түүх < 6 сар үргэлжилсэн байх; хоолонд дургүй хүрэх; жин, өвдөлт/суулгалтын улмаас шөнө сэрээд байх; аман дотор шархлаа гарах; шулуун гэдэснээс цус алдах; шинжилгээнүүд хэвийн бус байх г.м.

ГЦХ-ийн менежмент

Юуны түрүүн бусад оношийг үгүйсгэх шаардлагатай. Үүний тулд:

·         Хэрэв өвчтөн насны хувьд залуу, нэлээд сонгодог үүх түүхтэй бол цусны дэлгэрэнгүй шинжилгээ, УЭТХ, элэгний үйл ажиллагааны сорил, целиакийн серологийн сорил, шээсний шинжилгээ ± сигмоидоскопи хийж, шулуун гэдэснээс биопси авах.

·         Хэрэв өвчтөн > 45 настай, аливаа органик өвчний шинж бүхий бол колоноскопи (хэрэв барийн бургуйтай шинжилгээ хийх боломжгүй бол) хийлгэх шаардлагатай.

·         Хэрэв суулгалт илэрхий байвал дараахь шинжилгээнүүдийг хийлгэх: элэгний үйл ажиллагааны сорил; баасны өсгөвөр; В12/фолийн хүчил; антиэндомизиал эсрэг-бие); тиреотроп даавар; лавлагаа тусламжид илгээх ± шулуун гэдэсний биопси.

·         Илэрч буй шинж тэмдгүүдээс шалтгаалан, цаашид дараах шинжилгээнүүдийг хийлгэх:

1.    Ходоод гэдэсний дээд хэсгийг дурандах (диспепси, рефлюкс)

2.    Дээрх гэдэсний биопси (целиаки өвчин), Жнь, антиэндомизиаль эсрэгбие эерэг байвал

3.    Giardia-ийн сорил тавих

4.    Нарийн гэдэсний рентген шинжилгээ (Кроны өвчин)

5.    ЭРХП-ийн шинжилгээ (архаг панкреатит)

6.    Транзит шинжилгээ болон хошного-шулуун гэдэсний физиологийн шинжилгээг ховорхон ашигладаг.

Дараах тохиолдолд лавлагаа тусламжид илгээх: (1) онош эргэлзээтэй, (2)”ГЦХ” гэж үзэж байтал шинж тэмдгүүд өөрчлөгдөх, (3) хэрэв шулуун гэдэсний салст бүрхүүл урваж гараад байвал мэс засал хийлгүүлэхээр, (4)хэрэв хоол таарахгүй бол эмчилгээний хоолны зөвлөгөө авах, (5) хэрэв стресс/сэтгэл гутрал илэрвэл психиатрийн зөвлөгөө авах, (6) хэрэв эмэгтэй хүнд үечилсэн өвдөлт (эндометриоз, Оксфордын гарын авлага, х.52) гарах, эсвэл аарцгийн хөндийн халдвар (х.588) сэжиглэвэл гинекологт илгээх.

Эмчилгээ

Практикийн хувьд 100% амжилт олох нь ховор. Сайтар тайлбарлан, баталгаажуулах нь амин чухал. Өвчтөнтэйгөө харилцан итгэлцсэн харилцаатай байх хэрэгтэй.

Хоол тохирохгүй байх: Зохисгүй зүйлийг хоолноос хасахыг эрмэлзэх (энэ нь амаргүй; яльгүй зовлонт байдалд хүргэж болно).

Баас хатах: х.220-оос үзнэ үү. Хоолонд ширхлэг буюу эслэг зүйлийг алгуурхан нэмэгдүүлэх (заримдаа гэдсэнд хий их хуралдуулдаг). Энэ зорилгоор Fybogel® эсвэл Celevac® (methylcellulose; 3-6 шахмалыг шөнө ба өглөө >300мл усаар даруулж уулгах) өгч болох ба эдгээр нь фермент агуулаагүй ширхэглэг бодис тул лактулозоос (гэдсэнд хий үүсгэж, гэдэс

дүүргэх нь илүүтэй) дээр байдаг.

Суулгалт: Хөнгөн хоол ± лоперамид 2 мг-аар хүндээр бие зассаны дараа бүрт уулгах; дээд тал нь хоногт 16мг-ыг өгч болно. Гаж нөлөө: гэдэс базлах, дотор муухайрах, толгой эргэх, өтгөн хатах, гэдэс дүүрэх, гэдэс түгжрэх г.м.

Гэдсээр базлах ба гэдэс дүүрэх: Агчил тайлах эмүүд (Жнь, mebeverine 135мг/8ц-аар уулгах; alverine citrate 60-120мг/8ц-аар уулгах; dicycloverine 10-20мг/8ц-аар уулгах) тус болох талтай.

Диспепсийн шинж тэмдэг: Энэ үед метоклопрамид, эсвэл антацид хэрэглэх.