Tag Board
200

Эрүүл мэнд

Компьютер томографи

Компьютер томографи

Компьютер томографи (КТ) – рентген туяаны бодист нэвтрэх шингэлтийг Хаунсфилдын нэгжээр хэмжихэд тулгуурласан арга юм: жнь, яс +1000, ус 0, агаар -1000HU. Рентген туяа шингэсэн хэсэг саарал өнгөтэй харагдана. Өндөр шингэлт цагаан, сул шингэлт хар өнгөөр илэрхийлэгдэнэ. Биологийн зөөлөн эдийн шингээх чанар: цус, булчинд +80-аас ТНШ-д 0 байдаг бол өөхөн эдэд -100 хүртэл буурна. Тодруулагч бодисыг судсаар тарихад эхлээд ангиографийн адил үр дүн гарах бөгөөд судсанд тодруулагч бодис нэвтэрснээр өндөр шингээлтийн үзүүлэлт цагаанаар дүрслэгдэнэ. Хожуу шатанд цус-тархины хориг өөрчлөлттэй байвал, хавдар юмуу халдварын үед тодруулагч бодис судасны гадна гарч, тодруулалтыг өсгөн, их тархи, эсвэл бага тархинд цагаан бүсийг үүсгэнэ. Гавлын доторх зарим бүтцүүд цус-тархины хориг байхгүй учир өсгөлт хэвийн гарна: жнь: гипофиз, судаслаг сүлжээ.

МRI, КТ-ийн хавсарсан шинжилгээгээр цус харвалт ба хугарлыг амархан илрүүлэх бөгөөд биеийн байдал хүнд, мэдээгүйжүүлэгтэй өвчтөнд хэрэглэхэд хялбар, яаралтай онош тогтооход нэн үнэ цэнэтэй. Шинэ цус тархины эдээс шингээлт өндөр (цагаан) байна. Хурсан цусны шингээлт Hb задарснаас буурах учир хатуу хальсны дорхи цочмогдуу хураа 2 дахь долоо хоногтоо зэрэгцээ орших тархины эдийн нягтшилтай адилсан ялгахад төвөгтэй болдог. Хатуу хальсны дорхи архаг хураа харьцангуй бага нягтшилтэй. КТ-ийн шинжилгээг цочмог шигдээс сэжиглэгдэх үед цус харвалтыг үгүйсгэх зорилгоор (бүлэгнэлтийн эсрэг эмчилгээ эхлэхийн өмнө) хийнэ.

Тархины шигдээсийн бүс эхний өдөр бараг илрэхгүй, яагаад гэвэл эсийн хордлогын хаван (эсийн хаван бор бодисоор хязгаарлагдана) бага шингээлтийн үзүүлэлт өгнө. Тархины хавдар, буглаа өндөр нягтшилтай цагираг бүхий голомтот зураглалыг үүсгэн, хавангийн бүсээр хүрээлэгдсэн байхын зэрэгцээ томролтын нөлөө үзүүлнэ (дундаж бүтцийн шилжилт). Судасны гаралтай хаван эсийн гаднах хаванг үүсгэн, цагаан бодист нэвт тархана.

Томролын нөлөө нь тархины атираа, ховил, ижил талынхаа ховдлыг шахах, улмаар хадуур хэлбэрт сэртэн, чамархай, бага тархины буйлсны ивэрхий үүсгэхэд хүргэнэ. Гэнэт цочмог эхлэх толгой өвдөлтийн үед КТ-ийн шинжилгээ хийх шаардлагатай. Аалзан хальсны доорхи харвалтын үед КТ-ийн тодруулагчгүй шинжилгээгээр шинэ цусны сүүдрийг илрүүлж болно. КТ-ийн шинжилгээгээр цусны сүүдэр илрэхгүй ч, суурийн цүнхээл хэвийн тохиолдолд бүсэлхийн хатгалтаар ТНШ-ийг авахад аюулгүй.