Tag Board
200

Эрүүл мэнд

Кроны өвчин

Кроны өвчин

Кроны өвчин гэдэг бол ходоод гэдэсний замын архаг үрэвсэлт өвчин бөгөөд гэдэсний ханыг туушт нь хамарсан грануломатоз үрэвсэлт процесс явагддагаараа онцлог юм. Энэ процесст гэдэсний аль ч хэсэг хамрагдаж болох авч гол төлөв цутгалан гэдэс болон бүдүүн гэдэсний дээд хэсэг өвчилдөг ажээ. ШК-ттой адилгүй буюу эмгэг процесст хамрагдаагүй бүдүүн гэдэсний хэсэг ба идэвхтэй өвчин бүхий хэсэг гэх мэтээр алаг цоог (алгасч гэмтдэг) байдгаараа онцлог.

Шалтгаан

Тодорхойгүй.1 NOD2/CARD15 генүүдийн мутацийн эрсдэл нэмэгддэг. Тархалт: 100/100,000. Тамхи татах нь эрсдэлийг 3-4 дахин ихэсгэдэг. Нөлөөлөх хүчин зүйлс: хоолонд чихэр их, ширхэглэг бага байх; халдварын агент (ялангуяа анаэроб нян); муцин; хувирсан эсээр-дамжсан дархлаажилт г.м.

Шинж тэмдэг ба шинжүүд

Нэлээд нийтлэг нь суулгалт, хэвлийгээр өвдөх, жин багасах зэрэг шинжүүд байдаг. Өвчний ид буюу идэвхтэй үед халуурах, бүх бие өвдөх, хоолонд дургүй болох шинж тэмдэг гардаг. Түүнчлэн аман дотор шархлаа үүссэн, хэвлий чангарсан, хэвлийн баруун доод хэсэгт үүсгэвэр байгаа эсэх, хошногоны ам орчмоор буглаа/цууралт/арьсны өөрчлөлт болон хошногошулуун гэдэсний нарийсалт байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

Гэдэснээс гадуурах шинжүүд: арьсанд зангилаат улайлт үүсэх, идээт үхжилт өөрчлөлт гарах, коньюнктивит, эписклерит, ирит, том үе үрэвсэх, тухайлбал сакроилит, анкилоз бүхий спондилит, элэг өөхлөх, анхдагч склерозот холангит, холангиокарцинома (ховор), бөөрөнд чулуу үүсэх, яс зөөлрөх, тэжээлийн дутал, амилоидозын шинжүүд илэрч болно.

Хүндрэл

Нарийн гэдэс түгжрэх; хордлогын улмаас гэдэс тэлэгдэх (бүдүүн гэдэсний голч хэмжээ > 6 см); буглаа (хэвлий, аарцгийн хөндийд) үүсэх; фистул буюу нүх (Жнь: бүдүүн гэдэс-давсагны, бүдүүн гэдэс-үтрээний, хошного орчмын, гэдэс-арьсны г.м.) үүсэх; гэдэс цоорох; шулуун гэдэснээс цус алдах; бүдүүн гэдэсний өмөн г.м.

Шинжилгээ

Цусанд: цусны дүрст элементүүдийг тоолох, эритроцитын тунах хурд, С-урвалжит уураг, мочевин ба электролит, элэгний үйл ажиллагааны сорилууд хийгээд нян өсгөвөрлөх, ийлдсэнд төмөр, В12, хэрэв анемитай бол улаан эсэн дэх фолатын хэмжээ зэргийг шинжилнэ. Процесс идэвхтэйн шинжүүд: гемоглобин; УЭТХ; С-урвалжит уураг; ЦЦЭ-ийн тоо; альбумин.

Халдварын шалтгаант (Cl.difficile, Salmonell, Shigella, Campylobacter, E.coli) суулгалтыг үгүйсгэхийн тулд баасны микроскопийн, нян өсгөвөрлөх болон CDT зэрэг шинжилгээ хийнэ.

Сигмоидоскопи болон шулуун гэдэсний биопсийн шинжилгээг гэдэсний салст бүрхүүл нүдээр харахад хэвийн байгаа (20%-д нь микроскопигоор грануломатоз өөрчлөлт харагддаг) үед хийх ёстой.

Нарийн гэдэсний бургуйтай шинжилгээ: цутгалан гэдэсний өөрчлөлтийг (нарийсалт, дээд хэсгийн тэлэгдэл, хэсэгхэн үрэвсэлт өөрчлөлт юмуу нүх үүссэн байх зэрэг) илрүүлэхийн тулд хийнэ. Бүдүүн гэдэсний барийн бургуйтай шинжилгээ: энэ аргаар "мөлгөр чулуу”, "сарнайн өргөс” болон шархлааны шинжүүдийг, бас бүдүүн гэдэсний нарийсалт зэргийг тодорхойлж болно.

Колоноскопи

Хэрэв барийн бургуйтай шинжилгээгээр өвчний тархалтын байдлыг үнэлэх болон олон талаар биопси авах шаардлагатай нь тогтоогдсон үед энэхүү шинжилгээг хийнэ.

Менежмент

ШК-той харьцуулан үнэлэхэд нэлээд хүнд өвчин юм. Зарим ноцтой шинж тэмдгүүдийн (халууралт; судасны цохилт, УЭТХ; С-урвалжит уураг; ЦЦЭ-ийн тоо; альбумин) улмаас эмнэлэгт хэвтүүлэх хэрэгтэй болдог.

Өвчний хөнгөн хэлбэрийн сэдрэл

Өвчтөнд өвчний шинж тэмдгүүд илрэх боловч биеийн ерөнхий байдал төдийлөн өөрчлөгдөхгүй. Преднизолон 30мг/хоног тунгаар 1 долоо хоног уулгаад, дараа нь 20мг/хоног тунгаар 1 сар хэрэглэнэ. Өвчтөнийг 2-4 долоо хоног тутамд үзэж байх. Хэрэв өвчний шинж тэмдэг засарвал стероидын тунг 2-4 долоо хоног тутамд 5мг-аар бууруулна.

Өвчний бүх үзүүлэлтүүд хэвдээ орсон үед стероид эмчилгээг зогсооно.

Өвчний хүнд хэлбэрийн сэдрэл

Эмнэлэгт хэвтүүлж, амаар юм өгөлгүй, шингэн (Жнь: 0.9%-ийн давсны уусмал 1л + декстроз-давсны уусмал 2л/24ц, + 20ммоль К+/л) судсанд дуслаар хийх ба стероидыг судсанд тарина. Тэгээд дараахь эмчилгээг явуулна:

·         Гидрокортизон 100мг/6ц-аар судсанд тарих.

·         Хэрэв шулуун гэдэсний талаас өөрчлөлт байгаа бол стероидыг (гидрокортизон 100мг-ыг 0.9%-100мл давсны уусмалд хийж, 12 цагаар хэрэглэх) шулуун гэдсээр өдөрт 2 удаа хэрэглэх.

·         Метронидазол 400мг/8ц-аар уулгах, эсвэл 500мг/8ц-аар судсанд тарих.

·         Энэ нь хошного орчмын өвчин юмуу хоёрдогч халдварын үед тустай. Гаж нөлөө: архинд тэсгэл чанар алдах; эргэшгүй нейропати үүсэх г.м.

·         Биеийн халуун, судасны цохилт, А/Д зэргийг хянаж, баасны давтамж, шинж байдлын талаар тэмдэглэж байх.

·         Өвчтөнийг өдөрт 2 удаа үзэж байх.

·         Өдөр тутам цусны дэлгэрэнгүй шинжилгээ, эритроцитын тунах хурд, Сурвалжит уураг, мочевин болон электролит ± хэвлийн рентген шинжилгээ хийж, өмнөх үзүүлэлтүүдтэй нь харьцуулан үзэж байх.

·         Цус юүлэх (хэрэв Hb < 10г/диц.л байвал) болон самшуу замаар хооллох асуудлыг авч үзэх.

·         Хэрэв 5 хоногийн дотор өвчтөний байдал дээрдвэл стероид эмчилгээг преднизолон (40мг/24ц) уулгах аргад шилжүүлэх.

·         Хэрэв судсаар тариа хийх эмчилгээний турш байдал тодорхой бус байсаар байвал мэс заслын эмчээс зөвлөгөө авах.

Кроны өвчний үе дэх нэмэлт эмчилгээ

Азатиоприн (2-2.5мг/кг/хоног, уулгах)-ийг стероид орлогч маягтайгаар стероидын гаж нөлөө илэрсэн үед, эсвэл стероидын тунг багасгахаар өвчин түргэн дахих хандлагатай үед хэрэглэж болох юм. Түүнийг 6-10 долоо хоногийн турш өгнө.

Сульфасалазин: 1г/12ц-аар уулгах ба 5-ASA-гийн бусад бэлдмэлүүд Кроны өвчний идэвхтэй үед багавтар үр дүнтэй байдаг. Тэдгээрийг, жишээ нь гэдэс тайрсны дараахь өвчний дахилттай холбогдсон нийтлэг асуудлаас сэргийлэх зорилгоор хэрэглэх үүднээс нөөцөнд үлдээж болох юм (Asacol ® 2 х 400мг/8ц, өвчин дахихаас сэргийлэх зорилгоор уулгах. Энэхүү тун нь ялангуяа 5-ASA-гийн салст бүрхүүл дэх түвшинг дээшлүүлж байвал нэн тустай).

Зохистой хооллолт (Жнь, Е028®) нь өвчний идэвхтэй үед стероид хэрэгтэйн адил чухал боловч онцгүй амттай ба өвчний дахилтаас сэргийлж чадахгүй.

Метотрексат: Өвчний намжилтыг үргэлжлүүлэн барих болон стероидод дөжрөлтэй болчихсон Кроны өвчинтэй өвчтөнүүдэд энэ эмийг 25мг-аар долоо хоног тутам булчинд тарих нь үр дүнтэй болохыг Кохраины тойм болон бусад судалгаанд дурдсан байдаг. Эмчлүүлэх эрэлтийн тоо ~ 5. Харин бага тунгийн тухайд нотолгоо алга байна.

Мэс засал: Өвчтөнүүдийн 50-80% нь амьдралынхаа хугацаанд >1 мэс засал хийлгэх эрэлттэй байдаг. Мэс засал хийх заалт: Их төлөв эмэн эмчилгээ үр дүнгүй байх, эсвэл дараах нөхцөл шалтгаанууд: Гэдэсний нарийсалтын улмаас түгжрэл үүсэх

Гэдэсний цооролт

Хэсэг газрын хүндрэл (фистул, абсцесс)

Мэс засал нь ерөнхийдөө эмчилгээний үр дүнгийн талаасаа төдийлөн сайн биш байдаг. Гэдэсний гэмтсэн хэсгийг тайрах зорилт хязгаарлагдмал байдаг. Кроны өвчний үед гэдсийг тойруулан залгах, хүүдий үүсгэх зэрэг нь зохистой биш (дахих эрсдэл ихэсдэг).

Infliximab: энэ бол хавдрын некрозын эсрэг үйлчлэлтэй моноклонал эсрэгбие юм. Уг бэлдмэл Кроны өвчний идэвхжилийг бууруулдаг. Нөгөөтэйгүүр, комплементийг идэвхжүүлж, CD4 I-эсүүдийг хордуулах замаар бусад эсийн дархлаа үүсгэх байдлыг цэвэршүүлж өгдөг байна. Infliximab-ийн нэг тунг өдөрт 2 цагийн зайтай экспертийн удирдамжийн дор судсанд тарьж хэрэглэнэ. Эмчлүүлэх эрэлтийн тоо ~ 3-4 (Бүлэг 3). Үйлчлэлийн хугацаа нь богинохон байж болно. Иймд 8 долоо хоноод уг бэлдмэлийг давтан хэрэглэж болох юм. Эсрэг заалт: Сепсис, элэгний үйл ажиллагааны сорилуудын үзүүлэлтүүд хэвийнхээс 3 дахин ихэссэн байх, циклоспорин юмуу такролимус хэрэглэж байгаа г.м. Гаж нөлөө: Арьсны тууралт; хорт хавдар үүсэх эрсдэл нэмэгдэх г.м. Өдөр тутмын өртөг зардал: (Бүлэг 1-ээс үзнэ үү) 6700 фаунд (Кроны өвчний үед фистул гаргасан бол эмчилгээний өртөг нэн өндөр байдаг)