Tag Board
200

Эрүүл мэнд

Мөөгөнцөр ба уушиг

Мөөгөнцөр ба уушиг

Аспергиллиоз

Энэ бүлгийн мөөгөнцөр нь 5 замаар уушгинд үйлчилж нөлөөлдөг.

Гуурсан хоолойн багтраа: I хэлбэрийн хэт мэдрэгшлийн (атопийн) мөөгөнцрийн спорын эсрэг явагдана.

Харшлын гаралтай уушиг гуурсан хоолойн аспергиллиоз: Aspergillus fumigatus –ийн эсрэг хэт мэдрэгшлийн I ба III урвал явагдсаны дүнд үүснэ. Хамгийн эхлээд харшлын хариу урвал нь гуурсан хоолой агшаах нөлөө үзүүлдэг ч үрэвсэл зогсохгүй үргэлжилж, байнгын гэмтэл явагдах нь гуурсан хоолой тэлэгдлийн шалтгаан болдог.

Зовиур: амьсгал бачуурах, ханиалгах, цэр гарах (мөөгөнцрийн hyphae агуулсан салсын бөөгнөрөл), амьсгаадах, болон `дахилтат уушигны үрэвслийн шинж тэмдгүүд илэрдэг тухай зовиур хэлнэ.

Шинжилгээ: цээжний рентген зураг (хэлтэнг хамарсан түр зуурын уушиг шалчийлт, эсвэл нэвчдэс, гуурсан хоолойн тэлэгдлийн шинж гарна) цэрэнд аспергилл үзэх; арьсны сорилоор аспергилл илрүүлэх ба/эсвэл аспергиллын эсрэг өвөрмөц иммуноглобулин тодорхойлох; сийвэнд преципитин эерэг; эозинофилийн тоо олшрох; сийвэнгийн иммуноглобулины агууламж ихсэх өөрчлөлтүүд гарна.

Эмчилгээ: хурц хөдлөлийн үед преднизолон уухаар 30-40 мг/24 цаг; барих тун 5-10мг/хоногт. Зарим тохиолдолд итраконазолыг кортикостероидтой хавсарч хэрэглэнэ. Гуурсан хоолойн багтрааны үед гуурсан хоолой тэлэх эм өгөх ба заримдаа салсын бөглөөг бронхоскопийн тусламжтайгаар соруулж гадагшлуулах шаардлагатай болдог.

Аспергиллом (мицетом): Урьд өмнө нь үүсчихсэн байсан (голдуу сүрьеэ, саркоидоз) хөндий дотор мөөгөнцрийн бөмбөг үүсэхийг хэлнэ. Энэ нь ихэвчлэн шинж тэмдэггүй явагддаг, ханиах, цустай ханиах (их хэмжээний), бие сулбагар болох, турах (±) шинж гарч болно.

Оношлогоо: Цээжний рентген (ихэнхдээ уушигны оройн хэсэгт хөндий, түүний эргэн тойрон сул сүүдэртэй); цэрний өсгөврийн шинжилгээ; сийвэнгийн преципитин хүчтэй эерэг; аспергиллийн арьсны сорил (30% эерэг).

Эмчилгээ (зөвхөн шинж тэмдэг илэрсэн үед хийнэ): шинж тэмдэг ихтэй өөрчлөлт, их хэмжээний цус алдалтын үед мэс заслын эмчилгээ хийх асуудлыг шийднэ. Итраконазол уухаар өгөх ба мөөгөнцрийн эсрэг бэлдмэл хэрэглэхэд хязгаарлагдмал үр дүнтэй байдаг. Их хэмжээтэй цустай ханиаж байгаа өвчтөнүүдээс маш нарийн шалгуураар сонгон авч, компьютерт томографийн хяналт дор амфотерицины нухашийг хэсэг газарт дусааж хэрэглэхэд тэн хагаст нь л сайн үр дүнтэй байсан байна.

Хортой аспергиллиоз: Эрсдэлт хүчин зүйлүүд: ДОХХ, лейкеми, түлэгдэлт, Вегенерийн болон түгмэл чонон яр өвчин, өргөн хүрээний антибиотик эмчилгээний дараа зэрэг дархлаа дарангуйлагдсан байдал багтана.

Оношлогоо: цэрний өсгөврийн шинжилгээ; сийвэнгийн преципитин; цээжний рентген (нэвчдэс, буглаа). Аль болох эрт цээжний компьютерт томограф болон аспергиллийн антигеныг тодорхойлох нь их ач холбогдолтой.

Уушигны биопси болон аутопсийн шинжилгээгээр зөвхөн оношлогдож болно.

Эмчилгээ: амфотерицин В-г судсаар тарих. Бусад: миконазол, кетоконазол (үр дүн бага) судсаар тарьж хэрэглэнэ. Тавилан: тун тааруу.

Гадаад шалтгаант харшлын альвеолит: Aspergillus clavatus –т мэдрэгшил үүссэнээс үүсдэг өвчин (`амуу соёолжны ажилчдын уушиг`). Эмнэл зүйн онцлог, эмчилгээ нь бусад гадаад шалтгаант харшлын альвеолиттай төстэй. Тухайн нөлөөлөлд өртсөн түүх, A. clavatus-т сийвэнгийн преципитин үүсэх зэрэгт үндэслэн оношийг тавина. Эмчлэгдээгүй тохиолдолд уушигны фиброз үүснэ.

Амфотерицин В хэрэглэх: Сорилын тун: 5%-ийн декстрозын 20мл уусмалд 1 мг амфотерицин В хийж, судсаар 20-30 минутын турш тарина. Маш олон янзын эмийн бодис байдаг. Английн үндэсний эмийн лавлахыг харж шийднэ.

1.    Венийн судсаар дуслаар хэрэглэдэг адил төстэй эмийг хавсарч бүү хэрэглэ. Гаж нөлөө: анафилакси; халууралт; тууралт; хоолны дуршилгүй болох; бөөлжис цутгах; гүйлгэх; бөөлжих; толгой өвдөх; миалги; артралги; сийвэнд кали, магнийн хэмжээ багасах; зүрхний хэм алдагдал, сонсгол муудах, хоёрлож харах, уналт, таталт; захын мэдрэлийн нейропати, флебит.

2.    Мочевин, электролитыг өдөр бүр хянах. Амбисом® (липосомын амфотерицин) нь гаж нөлөө багатай боловч өртөг өндөртэй; ердийн амфотерицин нь системийн болон гүн мөөгөнцрийн үед заалттай байдаг боловч бөөрөнд үзүүлдэг хортой нөлөө нь хэрэглэх боломжгүй болгодог; венийн судсанд тарихдаа эхлээд сорилын тун нь 1 мг 10 минутын турш тарьж хэрэглэх, дараа нь 1мг/кг/хоног тунгаар өдөрт 1 удаа судсаар дуслаар тарина; аажмаар тунг нэмж болно. Шаардлагатай үед 3мг/кг/хоног тунгаар хэрэглэнэ. Бусад: Абелсет®, амфоцил®.

3.    Бусад мөөгөнцрийн халдвар кандид, криптококк нь дархлаа дарангуйлагдсан үед уушигны үрэвсэл үүсгэнэ.