Анагаах Ухааны сайт - Мононевропати
Tag Board
200

Эрүүл мэнд

Мононевропати

Мононевропати

Гавлын мэдрэлүүдийг оролцуулаад захын мэдрэлийн хувьчилсан гэмтлийг мононевропати гэнэ. Үндсэн шалтгаан нь осол гэмтэл; бусад хүчин зүйлд уяман, чихрийн шижин ч хамаарна. Хэрэв хоёр болон түүнээс олон мэдрэл өртөгдсөн тохиолдол байвал олон-мононевропати хэмээн нэрлэнэ (шалтгаан: Вегенер грануломатоз, амилоидоз, ревматоид полиартрит, чихрийн шижин, саркоидоз, зангилаат полиартериит, уяман, карциноматоз).

Дунд мэдрэл С6-Т1

Бугуйны орчмын гэмтлээр нөхцөлдөнө (жнь: зүсэгдсэн гэмтэл, сарвууны сувгийн хамшинж). Эрхий хурууг гадагшлуулагч богино булчин суларч, мэдрэхүй шууны талын 32/3 хуруунд болон алган талд алдагдана. Гэмтэл яс хоорондын өмнөд мэдрэлийн салаагаар хязгаарлагдана (янтах хатангирал, гэмтэл): эрхийг үзүүрийн үеэр болон долоовор хурууг нугалах хөдөлгөөн хязгаарлагдана. Дунд мэдрэлийн уг хэсгийн гэмтэл (жнь: тохойн орчимд) хавсарсан шинжээр тодорхойлогдоно.

Тохойн мэдрэл С7-Т1

Тохойн гэмтлийн үед өртөмтгий; Шинж тэмдэг: Сарвууны тохой талын нугалах болон яс хоорондын булчингууд (хуруунуудаа зөрүүлэн холбож чадахгүй, "амжилт хүсье” шинж), мөн алганы дундах хоёр өт хэлбэрт булчин суларч хатангиртана (хумст сарвууны шинж); алганы тохойн талын овгор хатангиршиж, IV, V хуруу гадагшаа сарвайж, мэдрэхүй алганы тохойн талын 1½ хуруу, мөн сарвууны тэр талын зурваст буурна. IV, V хурууны захын үеүдээр нугалах хөдөлгөөн сулрана. Бугуйны орчмын гэмтлийн үед (хурууны гүний булчингууд гэмтэхгүй) хумст сарвууны шинж тод илэрдэг.

Шууны мэдрэл С5-Т1

Мөрний сүлжээнээс эхэлж салаална. Бугалга гаднаасаа дарагдах үед гэмтэнэ. Тохойн үеэр нугалсан, сарвууг дотогш эргүүлсэн байрлалд сарвуу, хуруунууд унжих шинж илрэнэ. Мэдрэхүйн өөрчлөлт янз бүр, эрхий хурууны ар талын суурин хэсэгт мэдрэхүй нь алдагдана.

Суудлын мэдрэл L4-S2

Аарцгийн хөндийн хавдар, аарцгийн яс, дунд чөмөгний хугарлын үед гэмтэнэ. Суудлын мэдрэлийн гэмтлийн үед тахимны шөрмөс болон өвдөгнөөс доош орших бүх булчин саажина (тавхай унжих), мэдрэхүйн өөрчлөлт өвдөгнөөс доошхи гадна талын хэсэгт мэдрэхүй нь илрэнэ.

Тахилзуурын ерөнхий мэдрэл L4-S2

Тахилзуур ясны толгой орчимд гэмтэл авах, эсвэл нэг хөлөө нөгөө хөлөн дээрээ тохож удаан суусан тохиолдолд гэмтдэг. Тавхай, хурууг гэдийлгэх, гадагш эргүүлэх чадвар алдагдан (тавхай унжих), тавхайн ар хэсэгт мэдрэхүй буурна.

Шаантны мэдрэл S1-S3

Өлмий дээрээ зогсох (тавхайг ул руу нугалах), тавхайг дотогш эргүүлэх, хуруунуудаа нугалах үйлдлийг хийж чадахгүй. Мэдрэхүйн өөрчлөлт хөлийн уланд үүсдэг.