Tag Board
200

Эрүүл мэнд

Оффисын орчин

Оффисын орчин

Өрөөний температур, агааржуулалт, чийг

Өрөөний ямар ч нөхцөлд зохицон тэсэх чанар ажилчид бүрт өөр өөр. Гэсэн ч ажлын бүтээмж, болон ажилчдын хувцаслалт, эрүүл мэнд зэрэгт өрөөний температур заавал нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл өрөөний температур нь оффисын орчны ая тухтай байдал болоод ажилчдын эрүүл мэндийг голлог шийднэ гэсэн үг. Оффисын өрөөний температур хамгийн багадаа 16 хэм байх ёстой. Хэт хүйтэн эсвэл хэт халуун бол ажилчдын биед сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Гэхдээ өрөөний температурт бас өөр олон зүйлүүд нөлөөлдөг. Үүнийг тун сайн бодолцох хэрэгтэй. Жишээ нь: оффисын чинь цонх урагшаа харсан уу үгүй юу, эсвэл гадна хаалга тань ямар вэ, ямар хэмжээтэй өрөөнд хэдэн хүн суудаг вэ гэх зэрэг олон зүйлүүд нөлөөлнө. Өрөөний цонх урагшаа харсан бол нарны энерги тусч арай илүү дулаан болно, гадна хаалга өөрөө хаагддаг механизмтай бол гаднаас хүйтэн орохгүй, жижигхэн өрөөнд олон хүн суудаг бол энэ өрөө арай илүү халуун болж, агааржуулалт илүү хэрэгтэй гэх зэргээр олон олон зүйлүүд байна. Бас өрөөнд компьютер их байвал өрөөний халуун бага хэмжээгээр нэмэгдэхээс гадна агаарын хуурайшилт үүсэх нь их байна.

Зөвлөгөө: Өрөөний температур, агаарын урсгал, чийглэг нь компьютерт нөлөөлөх том хүчин зүйлүүдийн нэг юм.

Чимээ, шуугиан

Нэг том талбайд ажилладаг оффисын ажилчид бие биеэсээ хамааралтай байх нь ойлгомжтой. Тэд бие биенийхээ анхаарлыг сарниулж, ажлын үр дүнг бууруулах магадлал өндөр байдаг. Гэхдээ эмх цэгцтэй, сахилга баттай ажлын байранд чимээ шуугианы асуудал огтхон ч том зүйл биш. Энэ нь хувь хүний ухамсраас шалтгаалах зүйл юм. Нөгөө талаар ажилчид өөрсдөө дэг журамтай байлаа ч компьютер болон бусад төхөөрөмжүүдийн гаргадаг чимээ шуугианыг яалтай билээ. Тухайлбал принтер, хувилагч машин болон компьютер ч гэсэн ихээхэн дуу чимээ гаргаж, ажилчдыг ихээр ядрааж, улмаар толгой өвдөхөд хүргэдэг.

Зөвлөгөө: Принтер, хувилагч машин гэх мэт чимээ шуугиантай төхөөрөмжүүдээ ажилчдын байгаа байрлалаас арай зайдуу тавьж болно. Эсвэл өөр дээр нь байрлах дуу намсгагчаар /Зарим төхөөрөмжүүд дуу намсгагчтай байдаг/ дууг нь багасгаж болно. Өөр нэг зөвлөгөө гэвэл оффисын байрандаа засвар хийж дуу авиа шингээгч суурилуулах боломж бий ч өндөр зардалтай.

Гэрэлтүүлэг

Оффисын гэрэлтүүлэг нь харааны бэрхшээл үүсгэхгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл хэт бүүдгэр биш, хэт хурц биш, кейбордын үсэг болон дэлгэц дээрх мэдээлэл ямар ч бэрхшээлгүй уншигддаг байх ёстойг анхаарах шаардлагатай. Энд ширээний гэрэл ч ашиглаж болно, гол нь тохиромжтой байх хэрэгтэй. Хэрэв оффисын гэрэл хэт хурц тод бол толгой өвдөж, нүд бүрэлзэж болзошгүй. Тэгэхээр цонхныхоо хөшгөөр зохицуулж болно. Харин бүүдгэр бол цонхоороо байгалийн гэрэл оруулах хэрэгтэй. Байгалийн гэрэл мэдээж хор нөлөө багатай.

  1. Тохиромжтой гэрэлтүүлэг
  2. Ширээний гэрэл – хэт хурц биш, гялбахгүй
  3. Анхаарал сарниулах дуу чимээ бүхий төхөөрөмж. Гэхдээ дууг нь хамгийн бага болгож намсгасан.
  4. Хөлийн хэсэг - чөлөөтэй хөдөлж чадах хангалттай зайтай
  5. Цонхны хөшиг
  6. Зохистой програм хангамж буюу дэлгэц дээрх мэдээлэл шууд уншигдана
  7. Дэлгэц – тогтвортой дүрстэй, мэдээлэл шууд уншигдана, гэрэл ойхгүй, тохиргоо хийх бүрэн боломжтой дэлгэц
  8. Кейборд – ашиглахад хялбар, тохиромжтой, үсэг нь тодорхой гаргацтай
  9. Ажлын ширээ – зохион байгуулалттай, эмх цэгцтэй, зай талбай сайтай, гэрэлтүүлэг сайтай ч хурц биш
  10. Сандал - өөртөө нийцүүлэн тохируулж болдог сандал
  11. Хөлийн тавиур

Танд хэрэгтэй бяцхан зөвлөгөө

 

  • Хоёр цаг болоод 15 минутын турш завсарлаж, идэвхтэй хөдөлгөөн хийж эргэн тойрноор алхал.
  • Ажлаа дэг журамтай хий. Өөрөөр хэлбэл тасралтгүй кейборд ашиглаж юм бичихээс зайлсхий. Тухайлбал хэсэг бичээд, гараа амраангаа бичсэн текстээ мауз ашиглан дугаарлах, үсгийн том жижгийг томруулах гээд юу эсийг хийж болно шүү дээ.
  • Хэрвээ ажил болоод ажлын орчин нөхцөл чинь л болж байвал хэсэг ажиллаад бага зэргийн амралт авч бай.
  • Нүдний нулимс гоождог болохоос сэргийлж нүдээ үе үе цавчилж байхад гэмгүй.
  • Таны нүд дэлгэцэд хэт ойр байж болохгүйг бүр маш сайн ойлгох ёстой. Бас дэлгэц харахдаа 10 минут тутамд нүдээ холдуулж бай.
  • Аль болох цэх суу. Тэгвэл мөр болон хүзүүнд ачаалал ирэхгүй болж чилж өвдөхөөс сэргийлнэ.
  • Толгойгоо хоёр тийш зөөлөн эргүүлэх дасгалыг 10 минутын турш хийж байж үр дүнтэй болно.
  • Мөрөө хойш, урагш чангалан гэдийлгэж, хотойлгоод дараа сулла.
  • Гараа хамаг чадлаараа атгаад 5 хүртэл тоол. Тэгээд сулла. Үүнийг дахин давтан хэдэн удаа хийх хэрэгтэй.
  • Өөр бага сага мэддэг дасгалуудаа хийж бай. Хөдөлгөөн хэзээ ч илүүдэхгүй гэдэг биз дээ.

Хийх дасгалууд

Ажлынхаа дундуур бяцхан завсарлага аваад л эдгээр энгийн хялбар дасгалуудыг хийж, цусны эргэлтээ идэвхжүүлээрэй.

  1. Толгойгоо хоёр тийш болгож, аль болох чихээ мөрөндөө хүргэхийг хичээгээрэй.
  2. Эрүүгээ чангалан гүнзгий амьсгаа аван 5 секунд бол. Тэгээд биеэ сулла.
  3. Босож зогсоод хийгээрэй. Нуруугаараа гэдэргээ бага зэрэг зөөлнөөр хотойлго. Нуруундаа мөн иллэг хийгээрэй.
  4. Эхлээд нүүрээ тааз руу харуул. Тэгээд гараараа нүүрээ ил. Илэхдээ толгойн ар дагз руу чиглүүлэн илээрэй.
  5. Хоёр гараа толгой дээр нийлүүлэн бариад хойш нь сунгаж татна. Тохой, гар шулуун байна.
  6. Хоёр гараа ташааны ард гаргаж бариад хойш нь сунгаж татна. Энэ нь хөнгөн сунгалтын дасгал ба тохой шулуун байх ёстой.
  7. Хурууны үзүүрүүдээ зөөлнөөр хөдөлгөж, гараа бугуйгаар нь эргүүлнэ.

Эдгээр дасгалуудыг байнга хийгээд байвал тун удахгүй өөрийн мэдэлгүй, автоматаар хийчихдэг болчихно.