Анагаах Ухааны сайт - Орон зайн эзлэх эмгэг
Tag Board
200

Эрүүл мэнд

Орон зайн эзлэх эмгэг

Орон зайн эзлэх эмгэг
Шинж тэмдэг
Гавлын дотоод даралт ихсэх, мэдрэлийн голомтот шинж үүсэх, уналт таталт, байршлын хуурамч шинж илрэх, танин мэдэхүй, зан төрхийн өөрчлөлт болон дам нөлөөлөх (жишээ,: нүдний алим бүлтийх, хамраас цус гоожих) шинжүүдээр тодорхойлогдоно.
Гавлын дотоод даралт ихсэх хамшинж
Толгой өвдөх, бөөлжих, харааны хөхлөгт хаван үүсэх (хавдрын зөвхөн 50%-д), ухаан санаа өөрчлөгдөх шинжүүдээр илрэнэ. Таталт: хавдрын 50% ба түүнээс цөөн хувьд ажиглагдах бөгөөд хэрвээ таталт насанд хүрэгсдэд анх илрэх, эсвэл ялангуяа хэсэгчилсэн таталт дохиотой, эсвэл таталтын дараа гар, хөлд саа үүсвэл хавдар сэжиглэгдэнэ.
Мэдрэлийн голомтот шинжүүд
Эмгэг процессын байршлаас хамаарна. Юуны өмнө эзэлхүүнт голомт хаана байгаа, тэр нь чухам юу болохыг шийднэ. Ноёлогч бус талын духны дэлбэн болон чамархайн хэсгийн хавдрын шинж тэмдэг хожуу илэрдэг онцлогтой. Байршлын хуурамч шинж: энэ нь гавлын дотоод даралт ихэссэнтэй холбоотой. VI мэдрэл гавлын хөндийд урт замыг туулах учир дам өртөгдөх нь элбэг (Бүлэг 3). Зан төрхийн өөрчлөлт: уцаар, эмзэг цочромтхой болох, тулгарч буй зорилгоо биелүүлэх эрмэлзлэл, идэвхи санаачлага дутах, нийгэмд тохирохгүй зан араншин гаргах агуулгаар илрэнэ.
Шалтгаан
Хавдар (анхдагч ба хоёрдогч), судасны цүлхэн, буглаа (25% нь олон тооны), хатуу хальсны доорхи архаг цусан хураа, гранулом (жнь: туберкулём), уйланхай (жнь: цистицеркоз). Эс судлал: 30% хоёрдогч гаралтай (хөхний ба уушгины хавдар, меланом; 50% олон тоот).
Анхдагч хавдар
Астроцитом, олон хэлбэрт глиобластом, олигодендроглиом, эпендимом (бүгд < 50% 5 жил амьд явна), бага тархины гемангиобластом (40% 20 жил амьд явна), менингиом (эр:эм ≈ 2 : 1).
Ялгах онош
Харвалт, толгойн гэмтэл, васкулит (Бүлэг 11), ж: түгмэл чонон яр, тэмбүү, зангилаат полиартериит, аврага эст артериит; тархмал хатуурал, энцефалит, таталтын дараах саа, шим солилцол, электролитын өөрчлөлт, мөн III ховдлын коллоид уйланхай, гавлын дотоод
даралтын хоргүй ихсэлт (дор үз).
Шинжилгээ
КТ, МRI-ийн (гавлын арын хонхорын хавдрыг илрүүлэхэд нэн чухал) шинжилгээ хийнэ. Биопсийн шинжилгээ хийх эсэхийг авч үзнэ. Харин бүсэлхийн хатгалт хориотой (бага тархины буйлсан хэсэг дагзны нүх рүү шахагдаж хавчигдах эрсдэлтэй).
Хавдрын үеийн арга хэмжээ
Хоргүй хавдрыг боломжтой бол мэс заслын аргаар бүрэн авна, гэвч зарим хэлбэрийн үед хүрэх боломжгүй байдаг. Хортой хавдар: глиомын хил хязгаар тодорхой биш байдаг учир бүрэн авахад төвөгтэй, гэвч мэс засал хийх нь эдийн шинжилгээ авч оношлох, хавдрын ихэнх хэсгийг авах, дараагийн шатанд туяа эмчилгээ хийх боломж олгодог. Хавдарт хүрэх боломжгүй, тархи усжилт үүсч буй тохиолдолд ховдол-хэвлийн холболт хийх нь тус нэмэртэй. Туяа эмчилгээг глиом, үсэрхийлсэн хавдарт мэс засал хийсний дараа заах бөгөөд мөн мэс засал хийх боломжгүй хавдрын үед хэрэглэх цорын ганц арга болно. Химийн эмчилгээг глиомын үед хэрэглэнэ (үр дүн тодорхой бус). Эпилепсийн уналтаас сэргийлэх нь чухал авч, ихэнхдээ үр дүнд хүрдэггүй.
Толгойн өвдөлтийг эмчлэхэд кодеин 60мг/4ц дотуур, тархины хаванг бууруулахад дексаметазон 4мг/8ц дотуур хэрэглэх ба гавлын дотоод даралт цочмог ихэссэн нөхцөлд маннитол хэрэглэнэ. Мөн хөнгөвчлөх эмчилгээ чухал.
Тавилан
Хоргүй хавдрыг бүрэн авсан нөхцөлд эмчилгээний үр дүн сайн, харин хортой хавдрын үед тавилан муу.
III ховдлын коллоид уйланхай
Энэ нь төрөлхийн уйланхай бөгөөд эмнэл зүйн шинж нь насанд хүрэх үед илэрч, ой тогтоолт алдагдах, толгой өвдөх (голдуу байршлын хамаарлаар), ухаан самуурах, шээсээ барихгүй болох, хараа бүдгэрэх, биеийн хоёр тал бадайрах, хөл сулрах, ухаан алдахгүйгээр унах дайралт тохиох шинжүүдээр явагдана. Шинжилгээ: КТ, МRI;
Эмчилгээ
Мэс заслаар авах буюу ховдол-хэвлийн холболт хийнэ.
Гавлын дотоод даралтын хоргүй ихдэлт (тархины хуурамч хавдар)
Эзэлхүүнт голомтын шинжүүд (толгой өвдөх, гавлын дотоод даралт ихсэх, харааны хөхлөгт хаван үүсэх) илэрч байгаа ч, тийм эмгэг олдохгүй тохиолдолд энэ тухай бодно. Зонхилон тарган эмэгтэйд тохиолдох бөгөөд хараа бүдгэрэх ± хоёрчилж харах, VI мэдрэлийн саа үүсэх, харааны хөхлөг хавантай бол сохор толбо тэлэгдэх зэрэг шинжүүдээр илрэнэ. Ухаан санаа, танин мэдэхүйн үйл хадгалагдана. Шалтгаан: гол төлөв тодорхой бус, хоёрдогчоор венийн синусын тромбоз, эмийн гаж нөлөөний (тетрациклин, миноциклин, нитрофурантоин, витамин А, изотретинон, даназол, соматропин) улмаас үүсч болно.
Эмчилгээ
Ацетазоламид, шээс хөөх бэлдмэл, преднизолон (~40мг/24ц дотуур, шээс хөөх бэлдмэлээс гаж нөлөө илүү), жин хасахыг зөвлөнө. Эмийн эмчилгээ тус болохгүй, харааны өөрчлөлт гүнзгийрэх тохиолдолд харааны мэдрэлийн бүрхэвчид цонх гаргах асуудлыг авч үзнэ.
Тавилан
Ихэвчлэн аяндаа илааршина. Өвчтөний 10%-д хараа тогтвортой алдагдана (тийм ч хоргүй бус). Энэ үед ТНШ-ний замд урсгуур тавих ± харааны мэдрэлийн бүрхэвчид цонх гаргах эмчилгээ хараа сэргэхэд тустай.