Tag Board
200

Эрүүл мэнд

Шүд цоорлын өвчин ба түүний хүндрэл

Шүд цоорлын өвчин ба түүний хүндрэл

Шүд цоорох өвчин нь монгол улсад 95 % ын тархалттай байна. Шүд шүдэлсний дараа ямар нэгэн хүчин зүйлийн улмаас шүдний хатуу эдийн бүрэн бүтэн байдал алдагдахыг шүд цоорох өвчин гэнэ. Шүд цоорлын өвчин нь маш олон шалтгаантай өвчин бөгөөд дотор нь гадаад, дотоод хүчин зүйл гэж ангилна. Гадаад хүчин зүйл нь шүдэнд шууд нөлөөлж байхад дотоод хүчин зүйл нь тухайн хүний бие махбоодийн өөрчлөлт , бодисын солилцооны хямрал зэргээс шүдэнд шууд биш дотроос нь нөлөөлдөг.

Шүд цоорлын өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс:

·         Ерөнхий хүчин зүйл

·         Хоол болон ундны усны чанар 

·         Бие махбодын эрхтэн системийн байдал

·         Дархлаа тогтолцоо

·         Хэсгийн хүчин зүйл

·         Шүдний өнгөр амны шингэний найрлага ба шинж чанарын өөрчлөлт

·         Нүүрс усыг ихээр агуулсан хоолны үлдэгдэл

·         Шүдний эдийн өөрийнх нь тэсвэрт чанар

·         Шүдний эдийн бүтцийн бүрэн байдал

·         Шүдний хатуу эдийн химийн найрлага

·         Удам зүйн байдал тус тус ордог.

Шүд цоорох өвчний эмнэл зүй:

Шүд цоорлын өвчний үед шүдний хатуу эд сийрэгжин өнгө нь өөрчлөгдөж эхлэх ба аажмаар хатуу эдийн давхаргуудыг гэмтээж хөндийг үүсгэнэ. Энэ нь халуун , хүйтэн, химийн ба механик цочруулаас хоромхон зуурын өвдөлт өгнө.

Шүд цоорох өвчнийг эмнэлзүйн үе шатаар нь 4 ангилна. Үүнд :

1.Толбын үе

2. Өнгөц цоорол

3. Дунд цоорол

4. Гүн цоорол

Шүд цоорох өвчний эмнэлзүйн илрэл ба хүндрэл:

Шүд цоорох өвчний хүндрээгүй үед хүчтэй өвдөлт өгдөггүй учир хүмүүс эмчид тэр болгон хандаад байдаггүй. Иймд цоорлын хөндийд үржсэн микроб нь шүдний зөөлөн эд буву мэдрэл судасны багцад нэвчин орж түүнийг үрэвсүүлнэ. Үүнийг зөөлцийн үрэвсэл гэнэ. Шүдний зөөлцийн үрэвсэлийн үед шүд гадны ямар нэгэн нөлөөгүйгээр маш хүчтэй өвдөхөөс гадна , мэдрэлийн судлаар чих , шанаа рууд дамжийн өвддөг учраасхүмүүс аль шүд өвдөөд байгааг мэддэггүй. Энэ өвчний үед өвдөлт нь өдөр бага , шөнө ихэсдэгээрээ бусад өвчнөөс онцлог юм.

Зөөлцийн үрэвлслийг дотор нь цочмог ба архаг гэж ангилна. Хурц үрэвсэл нь 14 хоног хүртэл үргэлжилэх ба цаашид өвдөлт аажимдаа намдаж архагшина.  Архаг үрэвслийн үед хүчтэй өвдөлт намддаг боловч өлвлдөлтийн хүч , өвдөлт үүсэх шалтгаан, өвдөлт үргэлжлэх хугацаа, эмнэл зүйн илрэл нь харилцан адилгүй байна. Зөөлцийн үрэвслийг эмчлээгүй үед зөөлц үхжиж шүдний сурвалжийг тойрон буй эдийг үрэвсүүлнэ. Үүнийг шүдний холбоос эдийн үрэвсэл гэнэ.

 Шүдний холбоосын үрэвслийн үед өвдсөн шүдний сурвалжийн оройд хуримтлагдсан шингэн нь шүдийг дээш түлхэж бусад шүднээс өндөр болгосноос ам хаах болгонд өвчтэй шүд өртөж өвдөлт өгнө. Иймд өвчтөн амаа хагас ангархай байлгана. Өвдөлт өдөр , шөнөгүй үргэлжилдэг тул маш их зовиуртай байна. Амнаас эвгүй үнэртэх, эвдсөн шүдний өнгө нь хувирах,  буйл хацар хавдах зэрэг зовиурууд гарна. Шүдний холбоосын үрэвсэлт өвчин нь шүдний сурвалжийн оройд буюу сурвалжийн ирмэгт эсвэд сурвалж хоорондд үүсч болдог ба үүссэн байрлалаасаа болж өвдөлтийн шинж өөр өөр байна.шүдний холбоосын үрэвсэл мөн адил цочмог ба архаг гэсэн эмнэлзүйн шатыг дамжина.

Үрэвсэл ба халдварын голомтыг гадагшлуулж чадаагүйн улмаас эрүү болон хоншоорын ясны хальсны доогуур үрэвслийн шингэн , идээ хуримтлагдаж хавдаж эхэлнэ. Холбоосын үрэвсэл удаан үргэлжилвэл ясны хальсыг сийрэгжүүлэн цоолж ясны үрэвсэл үүсгэнэ. Тухайн хүний биеийн эсэргүүцэл , анатомийн онцлогоос шалтгаалж зарим ясны үрэвсэл буйлыг цоолж идээт шингэн гадагшилдаг бол зарим нөхцөлд идээт шингэн ясны гүн рүү нэвчин нүүрний өнгөц ба гүн байрлалтай булчингийн завсар, мөн булчингийн хальсыг дамжин гавлын яс , цээжний хөндий рүү орсноор тархины хальсны үрэвсэл, голтын үрэвсэл болгож хүнийг үхэлд хүргэдэг байна.

Иймд бидний үл ойшоодог өчүүхэн жижигхэн шүд маань үхэлд ч хүргэж болдог байна. Ийм хүндрэлд хүрэхгүй байж болох уу?  Хүндрэлд хүрэхгүйн тулд хувь хүн та юу хийх ёстой вэ ? гэдэг талаар бид зөвлөхийг хичээсэн юм.