Tag Board
200

Эрүүл мэнд

Уушигны эмболизм

Уушигны эмболизм

Шалтгаан

Бага аарцгийн хөндийн, эсвэл доод хөндийн венийн тромбозын улмаас уушигны эмболизм (УЭ) үүсдэг. Энэ хэсгээс нөж тасарч венийн системээр дамжин, зүрхний баруун талаас уушгинд очиж артерийг бөглөж, цусны эргэлтийг алдагдуулдаг. Ховор шалтгаанд баруун ховдлын тромб (зүрхний шигдээсийн дараа); сепсисийн эмболи (зүрхний баруун талын эндокардит); өөх, агаар, эсвэл ургийн усны эмболи; хавдрын эсүүд; шимэгч зэрэг хамаарна.

Эрсдэлт хүчин зүйлүүд: хөдөлгөөнгүй байх болон гиперкоагуляцийн бүх шалтгаан:

·         Ойрын үед хийгдсэн хагалгаа

·         Тромбофили/антифосфолипид хам шинж

·         Сүүлийн үед тохиолдсон тархины цус харвалт, зүрхний шигдээс

·         Тархмал үсэрхийлэл

·         Удаан хугацаанд хэвтэрт байх

·         Жирэмслэлт; даавар нөхөх эмчилгээ; жирэмслэлтийн эсрэг гормон эм уух.

Эмнэл зүйн онцлог

Энэ нь эмболийн тоо, хэмжээ, тархалтаас хамаардаг; жижиг хэмжээтэй эмболи бол шинж тэмдэггүй, харин том хэмжээний эмболи нас барах байдлаар тус тус илэрч болно. Зовиур: цочмог хүчтэй амьсгаадалт, гялтангийн үрэвслийн шинжтэй цээжний өвдөлт, цустай ханиах, толгой эргэх, түр зуурын ухаан алдалт. Дээр дурьдсан эрсдэлт хүчин зүйлүүд, тромбоэмболизм өнгөрсөн амьдралд тохиолдсон, эсвэл гэр бүлийн анамнезд тромбоэмболизм байсан эсэхийг тодруулж асууна.

Шинжүүд: халууралт; хөхрөлт; тахипноэ; тахикарди; гипотензи; гүрээний венийн даралт ихсэх; гялтангийн шүргэлт; гялтангийн хөндийд шингэнтэй. Гүн венийн тромбозын шинжүүд болон ойрын үед хийгдсэн хагалгааны сорви байгаа эсэхийг сайтар харж ажиглана.

Шинжилгээ

Цээжний рентген шинжилгээ хэвийн, эсвэл гэмтсэн хэлтэнд судасны тоо цөөрсөн, уушигны артери өргөссөн, шуман ателектаз, гялтангийн хөндийд бага хэмжээний шингэнтэй, шаантаг хэлбэрийн сүүдэр, хөндий (ховор) үүссэн өөрчлөлт харагдаж болно.

Зүрхний цахилгаан бичлэг хэвийн, эсвэл тахикарди, Гиссийн багцын баруун хөлийн салааны хориг, баруун ховдлын хэт ачаалал (V1-V4 сөрөг Т) –ын өөрчлөлттэй. SI, QIII, TIII нийтлэг зураг ховор тохиолддог.

Артерийн цусны хийн шинжилгээнд РаО2 буурсан, мөн адил РаСО2 буурсан үзүүлэлттэй байж болно.

Эмчилгээ бага жинтэй антикоагулянт гепарин (далтепарин 200нэгж/24цаг арьсан дор тарих, хамгийн дээд тун 18.000 нэгж/24цаг) болон варфарин 10мг тунгаар уулгаж эхэлнэ. Хэрэв протромбины харьцаа >2 болбол гепариныг зогсоож, варфариныг хамгийн доод тал нь 3 сар хүртэл үргэлжлүүлэн хэрэглэнэ; энэ нь протромбины харьцааг 2-3 байлгах зорилготой. Тохирсон антикоагулянт эмчилгээг үл харгалзан, эмболи явагдсан өвчтөнд хөндийн венд шүүлтүүр тавих асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй (Анхаар! Антикоагулянт эмчилгээний дэвсгэр суурьгүйгээр шүүлтүүр суулгавал эрсдэлийг ихэсгэдэг).

Урьдчилан сэргийлэлт

Хөдөлгөөн хязгаарлагдсан бүх хүмүүст гепарин (далтепарин 2500нэгж/24цаг арьсан дор тарих) эмчилгээ хийнэ. Оймс өмсөх болон аль болох эрт хөдөлгөөнд оруулах асуудлыг дэмжсэн зөвлөгөө өгнө. Жирэмслэлтээс хамгаалах гормон эм, даавар нөхөх эмээ эмэгтэйчүүд зогсоох ёстой (жирэмслэлтээс хамгаалах өөр аргад сургах). Тромбоэмболизм өнгөрсөн амьдралд тохиолдсон, эсвэл гэр бүлийн анамнезд байсан бол тромбофилийг үгүйсгэх шинжилгээ хийлгэх шаардлагатай.