Tag Board
200

Эрүүл мэнд

Элэгний дутмагшил

Элэгний дутмагшил

Тодорхойлолт

Элэгний дутмагшил өмнө нь цоо эрүүл элэгтэй байсан хүнд гэнэт тохиолдож болох бөгөөд түүнийг элэгний цочмог дутмагшил гэдэг. Их төлөв элэгний архаг өвчний ээнэгшил алдагдсаны үр дүнд элэгний дутмагшил болж, цочмог- архаг хэлбэрээр тохиолддог. Элэгний цочмог дутмагшлын шинж тэмдгүүд 8 долоо хоногийн дотор энцефалопатид хүргэж байвал элэгний фульминант буюу маш хурдан явцтай дутмагшил гэж нэрлэдэг. Харин 9-26 долоо хоногийн хугацаанд энцефалопатид хүргэж байвал элэгний хожуу эхлэлтэй дутмагшил гэдэг.

Шалтгаан

Халдвар: вируст гепатит, шар чичрэг, лептоспироз.

Эмүүд: Парацетамолын их тун, галотане, изониазид г.м.

Хорууд: Amanita phalloides-ийн төрлийн мөөгнүүд, дөрвөн хлорт нүүрстөрөгч.

Судасны шалтгаант: Бадд-Киарын хам шинж (Бүлэг 18), венийн бөглөрөлт бүхий өвчин.

Бусад: анхдагч билиар цирроз, гемахроматоз, аутоиммун гепатит, α1-антитрипсиний дутал, Вильсоны өвчин, жирэмсний үеийн элэг өөхлөлт, хорт хавдар.

Эмнэл зүйн ялгаа

Элэгний энцефалопати-г дараахь зэрэглэлд хуваадаг:

·         Зэрэглэл I Сэтгэл хөдлөл ба зан үйл нь өөрчлөгдөх

·         Зэрэглэл II Үүрэглэх, будилах, ойлгомжгүй ярих зэрэг нь ихсэх

·         Зэрэглэл III Хөшингө байдалд орох, учир холбогдолгүй байдал гаргах, тэвчээргүй болох, онцгой будилах.

·         Зэрэглэл IV Оврогын байдалд орох

Бусад ялгаа: шарлалт, элэгний үнэр (жүржний дуслын үнэр мэт), буюу хөдөлгөөний саатал үүсэх, буюу аливаа зүйлийг ашиглах чадвараа алдах. Элэгний архаг өвчний шинжүүд нь элэгний хурц-архаг дутмагшлын талаар өгүүлдэг.

Шинжилгээ

Цусны шинжилгээ: цусны дэлгэрэнгүй шинжилгээ (халдвар?1, ходоод гэдэсний цус алдалт?); электролит ба мочевин2 тодорхойлох (бөөрний дутмагшил?); элэгний үйл ажиллагааны сорилууд (билирубин, АСТ ба АЛТ); цусны бүлэгнэлт (протромбины хугацаа); глюкоз (гипогликеми?), парацетамолын түвшин, гепатитын серологийн шинжилгээнүүд, ферритин, α1-антитрипсин, церулоплазмин г.м.

Нян судлалын шинжилгээ: цусны өсгөвөр; шээсний өсгөвөр; микроскопи|асцитын өсгөвөр; асцитанд нейтрофиль > 250мм3 байвал аяндаа нянгийн шалтгаант перитонит үүссэнийг харуулдаг.

Радиологийн шинжилгээ: цээжний рентген шинжилгээ, хэвлийн хэт авиан шинжилгээ, хаалган венийн (хэрэв Бадд-Киарын хам шинжийг сэжиглэж байгаа бол элэгний венийн) допплерографийн шинжилгээ хийх.

Нейрофизиологийн шинжилгээ: ЭЭГ-ийн шинжилгээгээр өндөр вольтажтай, удаан тархах долгионы дүрс харагддаг.

Менежмент

Сепсис, гипогликеми болон энцефалопати болохоос аль болохоор хамгаалах шаардлагатай. Эрчимт эмчилгээний тасаг, палатанд өвчтөний толгой талыг 20о орчим өндийлгөн байрлуулж, сувилгааг явуулна. Амьсгалын замыг нь хамгаалж, амьсгалын зам руу юм орохоос болгоомжлох үүднээс хамраар нь ходоодонд гуурс тавьж, ходоодноос цус болон аливаа бусад зүйлийг соруулан авч байх.

Биеийн халуун, пульс, амьсгалын тоо, А/Д, хүүхэн хараа, шээсний цаг тутмын гаралт зэргийг хянаж байх.

Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, электролит, мочевин, протромбины үзүүлэлтүүдийг өдөр тутам шалгаж байх.

Гипогликеми болохоос зайлсхийх үүднээс судсанд дуслаар 10%-ийн декстран (dextrose) 1л/12цаг-аар хийх. Хэрэв цусны глюкоз 3.5ммоль/лээс багасвал 50%-ийн 50 мл декстрозыг судсанд тарих (элэгний хурц дутмагшлын үед 1-4 цаг тутам).

Хэрэв шалтгаан нь (Жнь, парацетамолын хордлого, Бүлэг 20) мэдэгдэж байвал түүнийг эмчлэх.

Хэрэв өвчтөн турж эцсэн бол зохистой хооллох (Жнь, нүүрс-ус болон уургаар баялаг, илчлэг хоолыг амаар нь өгөх; харин энцефалопатийн шинжтэй бол уургаар баялаг хоол өгөхөөс зайлсхийх) нь тустай. Мөн шаардлагатай гэж үзвэл тиамин, фолийн хүчлийн нэмэлт бүтээгдэхүүн өгч болно.

Хэрэв бөөрний дутмагшлын шинжтэй бол гемофильтраци юмуу гемодиализийн эмчилгээ (Хайрцгаас үзнэ үү) явуулах.

Тайвшруулах болон элэгний метаболизмд таагүй үйлчлэлтэй эм (Их Британы эмийн лавлахаас үзнэ үү) хэрэглэхээс зайлсхийх.

Хэрэв боломжтой гэж үзвэл эрхтэн шилжүүлэн суулгах төвд шилжүүлэх.

Тавилан

Тавилангийн хувьд базаахгүй хүчин зүйлс: Энцефалопатийн III, IV зэрэглэл, нас > 40 байх, альбумин < 30г/л, эмнээс үүдэлтэй элэгний дутмагшил, элэгний дутмагшлын оройтож эхлэх нь фульминант дутмагшлаас тавилан муутай.

Элэг шилжүүлэн суулгасны дараа амьдрах боломж 65% байдаг.

Элэгний цочмог дутмагшлын хүндрэлийг эмчлэх нь

Цус алдалт: К аминдэм 10 мг/хоног судсанд 3 хоног тарих + Тромбоцитын масс, Хөлдөөсөн шинэхэн тромбоцитын масс + цус юүлэх (хэрэв шаардлагатай бол).

Халдвар: Нянгийн мэдрэг чанарыг тогтоотол цефтриаксон 1-2 гр/24 цагаар судсанд тарих. Гентамицинээс зайлсхийх (бөөрний дутмагшлын эрсдэл).

Асцит: Шингэнийг хязгаарлах, давс багатай хоол идүүлэх, шээлгэх эм хэрэглэж, өдөр тутам биеийн жинг хэмжиж байх.

Гипогликеми: цусан дахь глюкозыг тогтмол шалгаж, хэрэв түүний түвшин 2ммоль|л-ээс буувал 50% - 50 мл глюкоз судсанд тарих. Сийвэн дэх К+-ийг хянаж байх.

Энцефалопати: тайвшруулах эмээс зайлсхийх; Эрчимт эмчилгээний палатанд өвчтөний толгойг 20о орчим өндөрлөж байрлуулах; гэдсэн дэх нянг багасгах үүднээс лактулоза неомицин 1г|6 цагаар уулгах. Өвчтөний баасыг өдөрт 2 удаа гаргаж байх зорилт тавих.

Тархины хаван: 20%-ийн маннитол судсанд тарих. Хүчилтөрөгч өгөх.

Элэг-бөөрний хам шинж (ЭБХ): ЭБХ нь асцит бүхий циррозтой өвчтөнүүдийн 18% орчимд нь тохиолддог бөгөөд бөөрний судас нарийссантай холбоотойгоор бөөрний эд эс хэвийн байсан ч гэсэн шүүрлийнх нь түвшин багасдаг. Альбумин судсанд дуслаар хийж, гемодиализийн эмчилгээ явуулна.

Анхаарах нь: ЭБХ-ийн үед Ү-нейропептидийн түвшин ихэсдэг тул terlipressin (=glypressin) тус болдог. Ү-нейропептид бол бөөрний судсыг нарийсгадаг пептид бөгөөд симпатик мэдрэлийн тогтолцоо идэвхжих үед чөлөөлөгддөг байна.