Tag Board
200

Эрүүл мэнд

Уушигны архаг бөглөрөлт өвчин

Уушигны архаг бөглөрөлт өвчин (УАБӨ)

Тодорхойлолт

УАБӨ нь амьсгалын замын бөглөрөл нь давшингуй явцтай явагддаг өвчин юм. Энэ өвчний үед гуурсан хоолойн эргэх чанарын хувьд бага зэрэг эргэх шинжтэй, эсвэл эргэх шинж чанаргүй байдаг. УАБӨ-д гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушигны эмфизем хамаарна (NICE- Английн Эмнэл зүйн

Шалгарсан Үндэсний Институт нь УАБӨ цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэж байгааг тогтоосон). Өвчтөнүүд ихэвчлэн хоёр өвчнөөр биш, УАБӨ, гуурсан хоолойн багтрааны аль нэгээр нь өвддөг.

УАБӨ нь дараахь онцлогоор ялгаатай:

  35-аас дээш насанд эхэлдэг

  Тамхидалттай холбоотой байдаг

 Амьсгаадалт архаг шинжтэй

  Цэр гарах

• FEV1-ийн хоногийн болон өдрөөс өдөрт хэлбэлзэх өөрчлөлтийн онцлог илэрдэггүй. Гуурсан хоолойн архаг үрэвсэл 2 жилийн хугацаанд жилд 3 сар, түүнээс илүү хугацаагаар ханиах, цэр гарах эмнэл зүйн шинжээр илэрдэг онцлогтой. Уушигны үйл ажиллагаа хэвийн үед нас баралтын тоог нэмдэггүй. Өвчтөнүүд тамхиа хаявал 90%-д нь эмнэл зүйн сайжрал гардаг. Уушигны эмфизем бол төгсгөлийн гуурсан хоолойгоос дор байрлах амьсгалын зай тэлэгдэж томрон, цулцангийн ханын эвдрэл бүхий гистологийн өөрчлөлтөөр илэрдэг өвчин юм.

Тархалт 1.5 сая. УАБӨ-ий нас баралт: Англи, Уэльст 25.000 нас баралт/жил байдаг.

Ягаарсан амьсгаадагч ба хөхөрсөн хавагнагч: (Нэг хүрээний хоёр төгсгөл) Ягаарсан амьсгаадагч цулцангийн агааржилт ихэссэн, РаО2 хэвийн хэмжээтэй ойролцоо ба РаСО2 хэвийн, эсвэл бага зэрэг буурсан үзүүлэлттэй байдаг. Эдгээр өвчтөнүүд их амьсгааддаг хирнээ хөхрөлт илэрдэггүй. Энэ нь I хэлбэрийн амьсгалын дутагдалд хүргэж болно. Хөхөрсөн хавагнагч цулцангийн агааржилт буурсан, РаО2 багассан, РаСО2 ихэссэн үзүүлэлттэй байдаг. Эдгээр өвчтөнүүд хөхрөлттэй хирнээ амьсгаадахгүй, уушгин зүрхний хам шинжээр хүндэрч болно. Тэдний амьсгалын төв нь СО2-т мэдрэг бус болсонтой холбоотой байдаг болохоор амьсгалын чармайлтыг хадгалсанаар гипоксийг зохицуулж

болно гэж найддаг.

Эмнэл зүйн онцлог

Зовиур: ханиах, цэр гарах, амьсгаадах, бачуурах.

Шинжүүд: тахипноэ; амьсгалд туслах булчин оролцох; цээж хэт агаараар тэлэгдэх; бөгж мөгөөрс ба өвчүүний хоорондохь зай ойртох (<3см); цээж тэлэх байдал буурах; тогшилтоор хэнгэргэн, хайрцган чимээтэй; цулцангийн амьсгал сулрах (булл- цэврүүний дээгүүр); хэржигнүүр; хөхрөлт; уушгин зүрхний шинж гарна.

Хүндрэл: хурц сэдрэл ± халдвар; полицитеми; амьсгалын дутагдал; уушгин зүрх (хаван, гүрээний венийн даралт ихсэх); пневмоторакс (цэврүү хагарснаас); уушигны хорт хавдар.

Оношлогоо

Цусны дэлгэрэнгүй шинжилгээ: бүх эсийн тоо олшрох.

Цээжний рентген шинжилгээ: хэт агаараар тэлэгдэх (эгэмний дунд шугамаар өрц 6-р хавирганаас дээгүүр тодорхойлогдох); өрц хавтгайрах; уушигны төвийн артери өргөссөн; захын судасны тоо цөөрсөн; цэврүү харагдана. Зүрхний цахилгаан бичлэг: баруун тосгуур, ховдлын гипертрофи (уушгин зүрх).

Артерийн цусны хийн шинжилгээ: РаО2 буурсан ± гиперкапни: Уушигны үйл ажиллагаа: бөглөрөл + агаарын хавхны шинж (эмфиземийн үед FEV1 байвал зохих хэмжээнээс <80%, FEV1: FVC харьцаа <70%, TLC ихэссэн, RVихэссэн, DLCO буурсан байдаг). FEV1, FVC үзүүлэлтүүдийг зөв гаргахын тулд туршлагатай спирометрийн мэргэжилтнийн туслалцаа авах ба тэр нь бүрэн гүйцэд амьсгал авсаны дараа хамгийн дээд хэмжээгээр амьсгалаа гаргахыг (≥ 4 секундээс илүү урт хугацаанд хийж гүйцэтгэнэ; энэ бол амьсгалаа хурдан үлээж гаргах үйлдэл огт биш юм) зааж сургадаг. Стероид туршилт эмчилгээний талаар дараагийн хүснэгтээс унш.

Эмчилгээ

Архаг тогтвортой хэлбэрийн УАБӨ-ий эмчилгээг хүснэгтээс хар. Тамхи татахаа зогсоох тухай зөвлөгөөг маш эелдэгээр санал болгоно. Хоолны зөвөлгөө болон нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх талаар зөвлөх нь тус болж болно. Цэр шингэлэх эм (Английн үндэсний эмийн лавлагаа 3.7) цэр гарах нь архаг шинжтэй үед туслах нөлөөтэй. Хүнд хэлбэрийн, эмчлэгдэхгүй сэтгэл уналт нь тахир дутуу болох шалтгаан болдог; ийм тохиолдолд хяналт хэрэгтэй. Амьсгалын дутагдал: эмчлэх. `Томуу ба пневмококкийн вакцин` хийх. Удаан хугацааны хүчилтөрөгч эмчилгээ: Зарим судлаачдын эмчилгээний туршилтын үр дүнгээр 15 хоногийн турш РаО2≥8кПа хадгалсан хэвээр байхад 3 жилээр амьд сэрүүн байх хугацааг 50%-аар нэмэгдүүлдэг болох нь харагдсан байна. Английн эрүүл мэндийн удирдамжид удаан хугацааны хүчилтөрөгч эмчилгээг хийх заалт: (1) хамгийн дээд жорыг үл харгалзан РаО2 <7.3кПа байгаа, тамхи татдаггүй тогтвортой эмнэл зүйн илрэлтэй үед (2) РаО2 7.3-8.0 ба уушигны артерийн гипертензи (баруун ховдлын гипертрофи, зүрхний II авиа өргөлттэй) + уушгин зүрх оноштой үед хэрэглэнэ. Хүчилтөрөгчийг мөн амьдралын сүүлийн үе шатанд байгаа өвчтөнүүдэд хэрэглэх заалттай байдаг.