Tag Board
200

Эрүүл мэнд

Компьютер ба эрүүл мэнд

Компьютер ба эрүүл мэнд

21-р зуун дэлхий нийтээр глобалчлагдсан яах аргагүй компьютерийн эрин зуун гэж нэг талаар нэрлэж болох юм. Энэ хувьсан өөрчлөгдөж байгаа асар хурдан хөгжилтэй бид хөл нийлүүлэн алхахын тулд компьютер хэмээх зүйлийг хэрэгсэлээ болгосон цаг саяхан. Энэ хэрэгсэлтэй харьцдаг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг бичихыг зорьлоо. Компьютераас болж хүний нүд, нуруу, хөл гар буюу үе мөчний өвчин үүсэх магадлал тун их. Дээр нь жирэмсэн эмэгтэйчүүдийн урагт муугаар нөлөөлдгийг эрдэмтэд аль хэдийн батлаад байна. Компьютерийн эрүүл мэндийн хамгийн энгийн нийтлэг дүрэм бол компьютерийн өмнө та хэрхэн суухаас эхэлнэ.

Та компьютерийн өмнө зөв сууж чаддаг уу?

Компьютер ба эрүүл мэндКомпьютерийн өмнө зөв суугаагүйгээс биеийн бүхий л хэсэгт нөлөөлж, ноцтой асуудал үүсгэнэ. Тухайлбал буруу сууснаас болж, нуруу, хүзүү, толгой өвдөх, үе мөчний өвчин тусах, нүдний хараа муудах, улмаар цусны даралтад нөлөөлж зүрхний хэмнэл өөрчлөгдөх магадлалтай байдаг байна. Эдгээр биеийн зовиураас гадна сэтгэл зүйн стрессд өртөх нь их юм.

  1. Биеийн дээд хэсэг налах учраас сандлын түшлэгийг анхаарахгүй байж огт болохгүй. Компьютер дээр удаан ажиллахад бие их чилдэг болохоор нуруугаараа бүхэлдээ налах хэрэгтэй. Харин огт хөдөлгөөнгүй сандал биш, янз бүрээр тохируулах боломжтой сандал хамгийн эвтэйд тооцогдоно. Нуруу цэх байрлахгүй, дэлгэц рүүгээ байнга бөгтийгөөд байвал нуруу өвдөх нь аргагүй.

  2. Нурууны доод хэсэг мөн л сандлын түшлэгийг налж байх ёстой. Биеийн байдалдаа тохируулж сандлын түшлэгийн өнцгийг өөрчилж болно. Мөн нэмэлт дэр нуруундаа байрлуулсан ч болно шүү дээ.

  3. Сандлын суудлын өндрийг анхаарах нь чухал. Гуя, ташаа хэвтээ байдалд байх ба компьютерийн эгц өөдөөс харж суухад бие чилдэггүй. Кейборд дээр ажиллахад бугуй чөлөөтэй хөдөлж болохоор байх хэрэгтэй.

  4. Хөлийн тавиурыг хэн ч анзаардаггүй. Гэтэл хөлийн тавиур бол зөв суухад ихээхэн хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал хөлөө шалан дээр бус тавиур дээр тавимагц нурууны байрлал цэх болж, их эвтэйхэн, тухтай болдог. Харин хөлөө тавиур дээр тавиагүй, дээр нь сандал жаахан өндөр бол нуруугаараа бөгтийх гээд байдаг. Намхан хүмүүс хөлийн тавиур хэрэглэхгүй байх нь гар болоод нурууны байрлал буруу, тун эвгүй болдог. Тэгэхээр таарч тохирсон хөлийн тавиур тун хэрэгтэй эд юм.

  5. Ширээн доор таны хөл нааш цаашаа хөдлөхөд зориулж хангалттай сул зай байх ёстой.

  6. Тохой мөрнөөс эгц доош унжих ба бугуй гар хоёр кейборд дээр байрлана.

  7. Бугуй хэзээ ч тахийж хотойх ёсгүй, цэх байрлах ёстой. Бугуйны тулгуур ашиглаж гараа үе үе амрааж болно.

  8. Таны харааны түвшин дэлгэцийн дээд хэсэгтэй ижил түвшинд байрлах ёстойг анхаар. Тэгэхээр нүдэнд хэт ачаалал өгөхгүйгээр дэлгэц дээр байгаа зүйлсээ шууд хардаг байх хэрэгтэй.

  9. Ажлын талбайгаа маш цэвэр цэгцтэй, зөв зохион байгуулалттай байх ёстой. Кейборд, мауз хоёроо өөртөө ойр байлгавал ашиглахад хялбар юм.

Зөв суугаагүйн улмаас үүсэх хамгийн ноцтой эмгэг бол нурууны өвчин. Энэ бол үнэхээр тоглоом биш. Хэдхэн жилийн дараа та нурууны өвчтэй болж, чөлөөтэй явж, сууж, хэвтэж ч чадахгүй тахир дутуу болохыг хүсээгүй л юм бол юун түрүүнд зөв сууж байгаа эсэхээ шалгах хэрэгтэй. Ер нь суугаа ажилтай хүн /ялангуяа компьютер дээр ажилладаг болон жолооч хүмүүс/ суудлынхаа налуурыг нуруугаараа бүрэн налж, цэх суух бол алтан дүрэм. Гэхдээ эрүүл мэндийн олон асуудлууд дан буруу сууснаас бус олон олон хүчин зүйлүүдээс болж үүсдэгийг дараа дараагийн сэдвүүдээс уншицгаая.