Халууралт
Дулаан
зохицуулгын физиологийн үйл ажиллагаа нь хүний биеийн температурыг хэвийн түвшинд
буюу 37 Со байлгах явдал юм. Гипертермигээс ялгаатай нь халууралтын
үед биеийн дулааны суурь түвшин нэмэгдсэн байдаг бөгөөд энэхүү дулаан ихсэлтэнд
дулаан зохицуулгын механизмууд голчлон оролцдог (→5, ногоон зураас). Халуурч эхлэх
үед биеийн бодит температур ихсэхийн хэрээр дулааны суурь түвшин гэнэт ихсэж, зах
хялгасан судасны цусны эргэлтийг багасаж улмаар дулаан алдалт буурах бөгөөд
үүний үр дүнд арьс хүйтэн болж даарч уихүүдэс хүрнэ. Энэ үед хүний дасан
зохицох урвал өрнөж чичирснээр (тремор) дулаан үүсэлт
ихэсдэг. Энэхүү үйл явц нь биеийн бодит температур шинэ суурь түвшинд хүрэх
хүртэл үргэлжилж энэхүү дасан зохицолт түр үргэлжилнэ (→5, улаан зураас). Харин халууралт буух явцад суурь түвшин буурч, бодит
түвшин хэт өндөр байснаас захын цусны эргэлт эрчимжиж, улмаар хүнд хөлрөх,
халууцах мэдрэмж төрнө (→5).
Халууралт нь
халдварын үед зонхилон тохиолддог бөгөөд халдварын цочмог үеийн урвалуудын үед халууралт үүсгэгч бодисууд (пирогенүүд) биеийн
температурын суурь түвшинг өөрчилж ихэсгэсэн байдаг. Экзоген буюу гадаад пирогенүүд нь эмгэгтөрөгчийн бүрэлдэхүүн
хэсгүүд байдаг ба грам-сөрөг нянгийн липополисахаридын бүрдлүүд (эндотоксинууд) халууралтыг
өдөөх онцгой нөлөөтэй юм. Эдгээр эмгэгтөрөгчийн пирогенүүд хавсаргаар бүрхэгдэн
(опсонизаци) элэгний Купффер
эс зэрэг макрофагуудаар залгигддаг
(→1). Макрофагууд
цаашид олон янзын цитокин ялгаруулдаг
бөгөөд эдгээрт интерлейкин 1α, 1β, 6, 8, 11, интерферон α2,γ, TNFα (кахектин), TNFβ (лимфотоксин),
макрофагийн үрэвслийн уураг болох
MIP 1 зэрэг эндоген буюу дотоод
пирогенүүд ордог. Эдгээр цитокинууд (молекул жин 15-30
кДа) цусаар
дамжин тархины circumventricular төвүүдэд
очиж, area preoptica (преоптик
хэсэг) болон
organum vasculorum laminae terminalis (OVLT)
-д PGE2-ийн
нийлэгжилтын нэмэгдүүлснээр халууралтыг өдөөнө (→2). Халуун
бууруулах эмүүд (антипиретикүүд) энэ үйл явцад
нөлөөлдөг. Жишээ нь ацетилсалицилийн хүчил буюу аспирин нь арахидоны хүчлээс PGE2 үүсгэхэд оролцдог
циклооксигеназа-1 ба 2-ийг дарангуйлдаг.
Дээр дурдсан
цитокинууд ба гадаад пироген бие махбодид орсноос 30 минутын дараа илэрдэг.
Гадаад пироген нь афферент мэдрэлээр
дамжин преоптик хэсэг болон OVLT-д нөлөөлдөг. Мөн
элэгний Купфферийн эсүүдээс ялгарах цитокин болон PGE2 ойролцоох
афферент мэдрэлээр халууралтыг өдөөх дохиог nucleus solitarius-р дамжин норадреналины А1 болон А2
эсийн бүлгүүд рүү дамжуулна. Эдгээр нь норадреналины замаар преоптик болон OVLT-д орших халууныг
зохицуулах нейронууд руу сэрлийг дамжуулдаг (→3). Тэнд чөлөөлөгдсөн норадреналин PGE2-н үүсэлтийг
ихэсгэснээр халууралтыг үүсгэнэ. Энэ үед мөн вазопрессин (ADH, V1 рецепторын
үйлчилгээ),
меланоцит идэвхжүүлэгч даавар (α-MSH) болон
кортиколиберины (CRH) үүсэлт
ихсэж, эндоген антипиретик үйлчилгээ
үзүүлснээр халууралтын эсрэг нөлөөлдөг (→4).
Халууралтын үр дагавраар зүрхний цохилтын тоо ихсэж (8-12
мин-1/оС),
энергийн солилцоо эрчимжсэнээс бие сулраж, толгой болон үеэр өвддөг. Мөн
тархины үйл ажиллагааг сэргээх үүрэгтэй удаан
давалгаат нойрсолт ихэсдэг бөгөөд зарим тохиолдолд мэдрэхүй болон сэтгэцийн
өөрчлөлт (халууралтын дэмийрэл), таталтууд илэрч болдог.