Tag Board
200

Эрүүл мэнд

Хүзүүний спондилез

Хүзүүний спондилез

Хүзүүний спондилез бол нугасны дарагдал (миелопати) болон мэдрэлийн язгуурыг дарж гэмтээн, дөрвөн мөчний даамжрах саа (квадрипарез), мэдрэхүйн өөрчлөлтийг (хүзүүнээс доош) үүсгэх гол шалтгааны нэг боловч хүзүүний спондилез бүхий ихэнх хүмүүст тийм эмгэг үүсэх нь ховор - харин нурууны нугалам хоорондох дискийн мөгөөрсөн цагирагийн сөнөрөл ± ясны ургалууд нурууны суваг болон нугалам хоорондын нүхийг нарийсгасан өөрчлөлт илэрдэг.

Хүзүүгээр бөхийх, гэдийх бүрийд нугас болон язгуур мэдрэл нурууны сувгийн өвөр талаар түрсэн ясан ургалгууд, ар талаар зузаарсан шар холбоосонд үрэгдэж цочирно.

Нугасны дарагдлын шинж тэмдэг:

Хүзүүгээр өвдөх, хөдөлгөөн хязгаарлагдах

Гар өвдөх (брахиалги)

Хөл хөшүүн хэвээр сулрах ± тэнцвэрийн өөрчлөлт

Хүзүүгээр хөдөлгөхөд чахрах (тэмтрэхэд шарчиганах), хүзүүний орчимд өвдөх, хөдөлгөөн хязгаарлагдах, мэдрэлийн талаас зовиуртай буюу зовиургүй байх нь 50-иас дээш насныханд тохиолдох нэн түгээмэл үзэгдэл учир тийм үед бусад шинжүүд байгаа эсэхийг тодруулна. Гараар өвдөх нь суганы ар, өврийн шугамын дагууд цоргих маягаар буюу эсвэл байнгын мохоо өвдөлт шуу, сарвууны орчимд илрэнэ. Гарын хүч суларч эв дүйгүй болох, бадайрах шинж шуу болон гарын бусад хэсгүүдэд ажиглагдана. Хөлийн сулрал нэг хөлд зонхилон үүсч, явахад тогтворгүй болох нь миелопатийн сонгомол шинж юм. Хөл хүндрэн

хөшүүн болж, хуруунууд шаланд үрэгдсэнээс шалбарч гэмтэнэ. Өвчний явц даамжран, аажил хоёр талыг хамран гүнзгийрч, явах зай богиносоно. Шилбэ тавхай бадайрч ирэвгэнэх нь элбэг. Давсагны хямрал хожуу (шээс хурдан хүрэх, дуслах) ажиглагдах ба шээс хоригдох шинж үүсэхгүй.

Шинж тэмдэг

Хүзүүгээр хөдөлгөхөд эмзэг, хөшүүн ± чахрах чимээтэй (болгоомжтой). Толгойг бөхийлгэхэд нурууны дагуу бадайрч өвдөх -Лермиттийн шинж үүснэ. Энэ нь нугас юмуу, эсвэл язгуур мэдрэл, эсвэл хоёулаагэмтсэнийг тодорхойлоход туслахгүй.

Гар: Доод хөдөлгөгч нейроны шинж нугас буюу язгуур гэмтсэн түвшинд, дээд хөдөлгөгч нейроны шинж түүнээс доош үүснэ. Сарвуу, шууны булчинд хатангирал тод ажиглагдана, мэдрэхүй, ялангуяа, өвдөлт, температурын мэдрэмж суларна.

Хөл: Хөшүүн саа үүсч, рефлекс ихсэн ± тавхайн гэдийх шинж илрэнэ.

Байрлалын ба доргионы мэдрэхүй буурна. Арьсны мэдрэхүйг доороос дээш шалгаж, мэдрэхүйн өөрчлөлтийн түвшинг тогтооно (ихэвчлэн нугасны дарагдлаас хэдэн сегментээр доор).

Язгуурын дарагдал (радикулопати): Гар, хуруунд өвдөлт илэрч, рефлекс сулрахын хамт гэмтсэн язгуурын мэдрэлжүүлэх бүсэд арьсны мэдрэхүйн өөрчлөлт (бадайрах, ирвэгнэх), доод хөдөлгөгч нейроны саа, булчингийн хатангирал үүснэ. Хөдөлгөөний ба мэдрэхүйн өөрчлөлт тухайн гэмтсэн язгуурын бүсэд тодорхойлогдоно:

C5-C6: Хоёр толгойт ба дельт булчин сулрах, шуу-сарвууны ба хоёр толгойт булчингийн рефлекс арилах;

C7: Гурван толгойт ба хурууг тэнийлгэгч булчин сулрах, гурван толгойт булчингийн рефлекс арилах, дунд хуруу бадайрах;

C8-T1: Хурууг нугалагч ба сарвууны жижиг булчингууд сулрах, IV, V хуруу бадайрах;

C4-C5: Тохойн мэдрэхүй буурах;

Шинжилгээ

МRI гэмтлийн байршлыг тогтоох сонголт байх болно. 30 м зайнд явуулж хугацааг тодорхойлох нь чухал бөгөөд хялбар сорил юм.

Ялгах онош

Тархмал хатуурал, мэдрэлийн язгуурын нейрофибром, нугасны ужиг хавсарсан сөнөрөл (В12 дутлаас).

Эмчилгээ

Хүзүүнд хатуу өмсгөл хэрэглэх нь хүзүүний урагш, хойш нугарах хөдөлгөөнийг хязгаарлаж, өвдөлтийг намдаах боловч өвчтөнд таалагдахгүй талтай. Байнгын "дарамт-тээр” учруулж буй спондилезын улмаас гарт дамжих язгуурын архаг өвдөлтийг алдаж болохгүй. Үүнийг өөдрөг талаас нь авч үзвэл, хэдэн сарын дотор сайжирч болох магадлалтай ч, тиймгүй тохиолдолд МRI-ийн шинжилгээгэгээр ихээхэн өөрчлөлт тогтоогдвол, мэс заслын аргаар язгуурын дарагдлыг чөлөөлөх нь үр дүнтэй. Язгуурын гэмтэл, эсвэл миелопати болсныг илтгэсэн бодит шинжүүд тод, өвчин эхэлснээс хойш удаагүй, миелопатийн шинж даамжирч буй нөхцөлд мэс заслын асуудлыг авч үзнэ. Мэс заслын дараа даамжрал зогсч, хөдөлгөөн сэргэнэ. Хагалгааны эрсдэл бага.