Tag Board
200

Эрүүл мэнд

Амьсгалын эрхтэн тогтолцооны бусад шинжилгээ

Амьсгалын эрхтэн тогтолцооны бусад шинжилгээ

Уушигны нийт багтаамж (TLC- total lung capacity), үлдэгдэл агаарын эзэлхүүн (RV- residual volume) бөглөрөлт болон рестриктив өвчнийг ялган оношлоход ач холбогдолтой. TLC, RV нь амьсгалын замын бөглөрөлт өвчнүүдийн үед ихэсдэг бол уушигны рестриктив өвчнүүд, булчин, араг ясны өөрчлөлтийн үед багасдаг. Цулцангаар дайран өнгөрөх хийн тээвэрлэлтийн коэффициент (KCO- gas transfer co-efficient)-ийг стандарт цаг хугацаа (голдуу 10 секунд)-ны дотор хэвийн амьсгал авах үеийн агаар дахь нүүрстөрөгчийн дан ислийн хэмжээг үзэж тооцоолно. Уушигны эмфизем, уушигны завсрын эдийн өвчнүүдийн үед доогуур, цулцангийн цус харвалтын үед өндөр үзүүлэлт гардаг. KCO ба нүүрстөрөгчийн дан ислийн нэвчих багтаамж (DLCOcarbon monoxide diffusing capacity)-ийг цулцангийн эзэлхүүнийг тохируулахад хэрэглэнэ (D.Johson 2000 Respir Med 94 28-37).

Урсгал эзэлхүүний муруй (flow volume loop) дээр уушигны янз бүрийн эзэлхүүнүүд дэх урсгалыг хэмждэг. Цээжний хэнхэрцгийн доторхи амьсгалын замын бөглөрөл (гуурсан хоолойн багтраа, эмфизем) ба цээжний хэнхэрцгийн гаднахи амьсгалын замын бөглөрөл (цагаан мөгөөрсөн хоолойн нарийсал) нь онцлог хэв маягийн зураглалтай харагддаг.

Хэт авиан оношлогоо нь гялтангийн хөндийд шингэн хурах, гялтангийн эмпиемийг оношлох, шингэн (ялангуяа хязгаарлагдмал, уутлагдсан шингэн)-ийг гялтангийн хатгалт

хийж авах, дренаж тавихад хэрэглэгддэг. Цөмийн оношлогоо агааржуулалт/ цусны урсгалын (V/Q) харьцааны зураг авч, уушигны эмболизм (цусны урсгалын алдагдлын өөрчлөлт харагддаг дүрслэл)-ыг оношлоход ашиглана. Ясны зураг ясанд хавдрын үсэрхийлэл байгаа эсэхийг оношлоход хэрэглэгддэг.

Цээжний хэнхэрцгийн компьютерт томограф (КТ) ийн шинжилгээг уушигны хорт хавдрыг оношлох, хавдрын үе шатыг тогтоох, уушигны уг, голтын эрхтэн, гялтангийн зураг авах, биопсийн шинжилгээ хийхэд хэрэглэж байна. Маш нарийвчлал (1-1.5мм)-тай зүслэг хийдэг өндөр шийдэлтэй компьютерт томограф (HRCT- high resolution computer tomography)-аар уушигны завсрын эдийн өвчнүүд, гуурсан хоолой тэлэгдэх өвчнийг оношлох боломжтой. Спираль компьютерт томографт уушигны ангиографийн (CTPA- spiral CT pulmonary angiography) шинжилгээ нь уушигны эмболизмын оношлогоог улам сайжруулахад хэрэглэгддэг. Уушигны ангиографийг уушигны эмболизм, уушигны гипертензийг оношлоход мөн хэрэглэж байна.

Гуурсан хоолойн уян дурангийн шинжилгээ: Хэсгийн мэдээ алдуулалтын дор хамар, эсвэл амаар гуурсан хоолойн уян дуранг оруулж, шинжилгээг хийдэг. Оношлогооны заалт: уушигны хорт хавдрыг таамаглах, сунжруу явцтай уушигны үрэвсэл, дархлаа хомсдлын суурин дээр үүссэн уушигны үрэвсэл, уушигны завсрын эдийн өвчнүүд. Гуурсан хоолойн угаадас шингэнийг микроскоп, өсгөвөр, цитологийн шинжилгээнд лабораторид илгээж болно. Мөөгөнцрийн гэмтлийн үед сойздож (цитологийн шинжилгээ), мөн биопси (гистопатологийн шинжилгээ) хийж шинжилгээний дээж авч болно.

Эмчилгээний заалт: Уушигны дэлбэнгийн шалчийлт үүсгэсэн салсын бөглөөг соруулж, эсвэл гадны биетийг гаргаж авах. Шинжилгээ хийхийн өмнө бэлтгэл: цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цээжний рентген, спирометр, пульс оксиметр болон артерийн цусны хийн шинжилгээ (заалтаар)-г хийлгэсэн байна. Сүүлийн үед антикоагулянт эмчилгээ хийлгэсэн бол бүлэн байгаа эсэхийг шалгаж, биопси авч болно. Хүндрэл: амьсгал дарангуйлагдах, цус алдах, пневмоторакс

Гуурсан хоолой, цулцангийн угаадас (BAL- bronchoalveolar lavage): Гуурсан хоолойн дурангийн шинжилгээ хийх үед 0.9%-ийн давсны буферийн бүлээн уусмалыг амьсгалын замын алслагдсан хэсэг рүү дуслаар хийж, эргүүлж соруулж авна. Энэ үед гуурсан хоолойд хийсэн болон соруулж авсан шингэний хэмжээг мэдэх боломжтой байдаг.

Оношлогооны заалт: хорт хавдар, дархлаа хомсдлын суурин дээр үүссэн уушигны үрэвсэл (ялангуяа ХДХВ вирус), сүрьеэг таамаглах (цэрний шинжилгээ сөрөг гарсан бол), уушигны завсрын эдийн өвчнүүд (саркоидоз, гадаад шалтгаант харшлан альвеолит, гистиоцитоз Х).

Эмчилгээний заалт: цулцангийн протеиноз. Хүндрэл: гипокси (нэмж хүчилтөрөгч өгөх), түр зуурын халууралт, цээжний рентген шинжилгээнд түр зуурын сүүдэржилт, халдвар (ховор).

Уушигны биопси: Хэд хэдэн аргаар уушигны биопсийг хийдэг. Рентген шинжилгээний хяналт дор арьсан доогуур зүүгээр биопси авах (percutaneous needle biopsy) шинжилгээг хийж, уушигны захын байрлалтай хавдар, гялтангийн эмгэгийг оношлох ач холбогдолтой. Трансбронхиаль биопсийг гуурсан хоолойн дурангаар хийж, уушигны тархмал өвчнүүдийг (жишээ нь саркоидоз) оношлох боломжтой. Хэрэв эдгээр шинжилгээнүүд нь амжилтгүй болбол ерөнхий мэдээ алдуулалтын дор нээлттэй биопси хийж болно.

Мэс заслын ажилбар: Ерөнхий мэдээ алдуулалтын дор мэс ажилбарыг хийнэ. Хатуу бронхоскопоор өргөн нүхээр салстын нилээд том хэсгээс биопси авах, цус алдалтыг хянах, гаднын биетийг авах боломжтой байдаг. Голтын эрхтэнг дурандах (mediastinoscopy) болон медиастинотоми хийх нь голтын булчирхайнууд/ эмгэгийг шалгах, биопси авах боломжтой. Цээжний хөндийг дурандах (thoracoscopy) шинжилгээ нь гялтангийн эмгэгийг тогтоох, биопси авах, гялтангийн шингэнээс соруулж авч шинжилгээ хийх, мөн талькаар плевродез

хийх боломжийг олгодог.