Tag Board
200

Эрүүл мэнд

Үйлдвэрийн тоосны өвчин

Үйлдвэрийн тоосны өвчин

Чулуун нүүрсний ажилчдын пневмокониоз

Энэ нь Англид хамгийн нийтлэг тохиолддог тоосны өвчин юм. Нүүрсний тоосны жижиг хэсгүүд (1-3μм хэмжээтэй)-ээр 15-20 жил амьсгалсаны үр дүнд үүснэ. Эдгээрийг макрофаг залгиж устгахад тэдгээрээс ферментүүд чөлөөлөгдсөнтөй холбоотой фиброз үүсдэг.

Эмнэл зүйн онцлог: шинж тэмдэггүй, гэхдээ архаг бронхиттой хавсарч явагдах нь элбэг. Цээжний рентген шинжилгээнд 1-10 мм диаметртай олон тооны дугуй сүүдэр, ялангуяа уушигны дээд хэсгээр тодорхойлогдоно.

Эмчилгээ: нүүрсний тоосонцрын нөлөөллөөс зайлсхийх; Хавсарсан өвчин гуурсан хоолойн архаг үрэвслийг эмчлэх; нөхөн төлбөр шаардах эрхтэй (Англид бол үйлдвэрлэлийн гэмтлийн актад дурьдсаны дагуу).

Давшингуй явцтай их хэмжээний фиброз

Энэ өвчний үед давшингуй нэмэгдэх амьсгаадалт, фиброз, эцсийн эцэст уушгин зүрх үүсдэг. Цээжний рентген шинжилгээнд уушигны дээд хэсгээр их хэмжээний фиброз өөрчлөлт (1-10 мм диаметртай) гарна.

Эмчилгээ: нүүрсний тоосонцрын нөлөөллөөс зайлсхийх; дээр бичсэний дагуу нөхөн төлбөр шаардаж болно.

Капланы хам шинж гэдэг нь ревматоид артрит, пневмокониоз, уушгинд ревматоид зангилаа хамтдаа илрэхийг хэлнэ. Силикоз цахиурын шохойн хэсгүүдээр амьсгалснаас үүсдэг ба энэ нь фиброз маш их үүсгэдэг онцлогтой. Металлын уурхай, чулуу бутлах, үйрмэг болгох багаж, вааран эдлэлийн урлал/ ваарны үйлдвэр зэрэг тухайн нөлөөлөх хүчин зүйлтэй харьцаж ажилладаг ажил мэргэжилтэй холбоотой байна.

Эмнэл зүйн онцлог: Амьсгаадалт улам даамжирсан шинжтэй, сүрьеэгийн тохиолдлын тоо ихэснэ. Цээжний рентген шинжилгээнд уушигны дээд, дунд хэсгүүдээр тархмал маш жижиг хэмжээтэй (милиар), эсвэл зангилаат голомтот сүүдэр, уушигны угт өндөгний хальс маягийн шохойжилт тодорхойлогдоно.

Спирометрийн шинжилгээ: рестриктив хэлбэрийн алдагдал.

Эмчилгээ: цахиур шохойны нөлөөнөөс зайлсхийх. Дээр бичигдсэний

дагуу нөхөн төлбөр шаардах эрхтэй.

Асбестоз: асбестын ширхэгээр амьсгалснаас энэ өвчин үүснэ. Фиброгены үйлчилгээний хувьд авч үзвэл цагаан асбест (хрозотил) бага зэргийн, бор асбест (амозит) дунд зэргийн, хөх асбест (кроцидолит) нь хамгийн их фиброгены үйлчилгээтэй байдаг байна. Асбестыг гал нэвтрүүлдэггүй материал, дамжуулах хоолойнуудын дулааныг тусгаарлах, цахилгаан барааны цахилгааны утсыг тусгаарлах материал, дээврийн эсгий хийх зэрэг барилгын худалдаанд хамгийн түгээмлээр ашигладаг. Асбестын нөлөөллийн зэргээс уушигны фиброзын зэрэг хамааралтай байдаг.

Эмнэл зүйн онцлог

Адил төст бусад уушигны фиброз өвчнүүдтэй адил амьсгаадалт нь улам давшингуй шинжтэй, хуруу, хумсны өөрчлөлт, амьсгал авалтын төгсгөлд илүү сайн сонсогдох шажигнуур зэрэг юм. Мөн гялтангийн наалдац, гуурсан хоолойн аденокарцином, мезотелиом үүсэх шалтгаан болдог.

Эмчилгээ

Шинж тэмдэгийн. Өвчтөнүүд нь Английн үйлдвэрлэлийн гэмтлийн актад дурьдсаны дагуу нөхөн төлбөр авах эрхтэй.

Үсэрхийлэлт мезотелиом: Ихэвчлэн гялтанд, ховроор хэвлийн гялтан, эсвэл бусад эрхтэнд мезотель эсээс үүссэн хавдар юм. Энэ нь мэргэжлийн нөлөөлөл асбесттай хавсарч, бас нэг цогц маягаар нэгдэж тохиолдож болно. Өвчтөний 90% нь урьд өмнө нь асбестын нөлөөлөл байсан тухай өгүүлдэг ч эдгээрээс дөнгөж 20% нь л уушигны асбестозтой байдаг. Хавдрын шалтгааны нөлөөлөл ба өвчин үүсч хөгжих сүүлийн шатанд хүрэх хоёрын хооронд 45 хүртэл жил байж болно.

Эмнэл зүйн онцлог: цээжээр өвдөх, амьсгаадах, турах, хуруу, хумсны өөрчлөлт, гялтангийн хөндийд байн байн шингэн хурах зэрэг болно. Хэрэв хавдар үсэрхийлэлтэй бол лимфаденопати, гепатомегали, ясаар өвдөх/ясны зөөлрөлт, хэвлийн өвдөлт/түгжрэл (хэвлийн гялтангийн үсэрхийлсэн мезотелиом)-ийн шинж илэрнэ.

Шинжилгээ: Цээжний рентген/компьютерийн томограф: гялтангийн зузаарал/ гялтангийн шингэн. Гялтангийн шингэний шинжилгээгээр цусархаг шингэнтэй.

Оношийг Абрамын зүүгээр биопси авсан материалд гистологийн шинжилгээ, мөн торакоскопийн шинжилгээ хийж тавих ёстой. Ихэнхдээ post-mortem хийж оношийг тавьдаг.

Эмчилгээ: Шинж тэмдэгийн эмчилгээ. Үйлдвэрлэлийн нөхөн төлбөр дээр дурьдсаны дагуу хийнэ.

Тавилан: маш муу (<2жил, Англид >650 нас баралт/жил)