Tag Board
200

Эрүүл мэнд

Ходоод-улаан хоолойн сөргөө өвчин

Ходоод-улаан хоолойн сөргөө өвчин (ХУХСӨ)

Улаан хоолойн доод хуниасны үйл хямрах явдал ходоодноос улаан хоолой руу хүчил орох буюу сөргөө (рефлюкс) үүсэхийн урьдчилсан нөхцөл болдог. Хэрэв сөргөө цаашид үргэлжилж, улмаар ихсэх хандлагатай болох юм бол улаан хоолойн үрэвсэл (эзофагит), улаан хоолойн хоргүй хавдар, түүнээс үүдсэн нарийсал, эсвэл Барреттын улаан хоолой  хэмээх эмгэг үүсдэг байна.

Нөлөөлөх зүйлс

Тамхи татах, архи уух, өрцний ивэрхий, жирэмслэлт, таргалалт, бариу хувцас, нэг удаад хоолыг ихээр идэх, ахалазийн үеийн мэс заслын хагалгаа, эм (гурван цагирагт нэгдэл, антихолинэргик үйлчлэлтэй эмүүд, нитрат г.м.) хэрэглэх, тархмал склероз г.м. Түүнчлэн бронхын багтраа, уушгины архаг бөглөрөлт өвчин нөлөөтэй.

Шинж тэмдгүүд

Цээж хорсох (хооллолт, түрүүлгээ харж хэвтэх, мэхийх болон гэдийх зэрэгтэй холбоотойгоор өвчүүний цаана эвгүй оргиж, хорсох бөгөөд тэр нь антацид хэрэглэхээр намждаг); хэхрүүлэх, исгэлэн зүйлээр гулгих (хүчил болон цөсөөр гулгиулах); шингэнээр гулгих (шүлсний гаралт ихсэх); одинофаги (юм залгихад өвдөх, жишээ нь эзофагит юмуу нарийслаас шалтгаалсан байх); шөнийн цагаар багтраа (ходоодны агууламжаар өчүүхэн төдий амьсгалахад л ханиаж, амьсгаа давхцан хэржигнэх) гарах г.м.

Хүндрэл

Эзофагит, шархлаа, төмрийн дутлаас үүдсэн анеми, хоргүй хавдраас үүдсэн нарийсал, Барреттын улаан хоолой болон улаан хоолойн өмөн хавдар зэрэг.

Ялгах онош

Эзофагит (түлэгдэл болон стероид бус, үрэвслийн эсрэг үйлчлэлтэй эмүүдээс үүдэлтэй); халдвар (цитомегаловирусийн, хомхойн вирусийн, кандидын г.м.); ДГШ; ходоодны шархлаа юмуу өмөн хавдар; шархлаагүй диспепси г.м.

Сорилууд

Дан ганц шинж тэмдэг байгаа бол шинжилгээ хийх шаардлагагүй. Ходоод-гэдэсний дээд хэсгийг дурандах заалт: 55-аас дээш насны өвчтөн; өвчний шинж тэмдгүүд 4 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилж буй; дисфаги; эмчилгээ хийсэн ч шинж тэмдэг дарагдахгүй байгаа; өвчин дахисан; жин буурсан г.м. Бари залгиулж, өрцний ивэрхийг харж болно. 24 цагийн турш улаан хоолойн рН-ийг хянах ± улаан хоолойн манометри хийх нь ХУХСӨ-ийг бусад шалтгаант эмгэгүүдээс ялган зааглахад ач холбогдолтой.

Лос Анжелесийн ангилал

Багахан диффуз өөрчлөлт (улайх, хавагнах болон хөвсийх г.м.)-ийг энд хамааруулдаггүй ба салстын язралт хэмээх нэр томъёог эрози болон өнгөц шархлалт гэсэн хуучин нэр томъёоны оронд хэрэглэх болсон.

Энд, уг эмгэгийг 4 зэрэглэл болгон авч үздэг:

1.    Нэг юмуу хэд хэдэн салстын язрал (5 мм-ээс урт бус) үүссэн, салстын 2 давхраас илүү гарахааргүй буюу өнгөц байх. Салстын язрал нь улайлт ба хонхойлтыг сайн зааглаж байна.

2.    Салстын язрал нь 5 мм-ээс урт хэмжээтэй бөгөөд салстын 2 давхрын хэмжээний гүнзгий байна.

3.    Салстын язрал нь салстын 2 давхраас илүү гарахуйц гүнзгий бөгөөд улаан хоолойн дотоод цагирагийн 75%-иас илүүгүйг хамарсан байна.

4.    Салстын язрал нь улаан хоолойн дотоод цагирагийн 75% ба түүнээс илүү хэмжээгээр хамарсан байна.

ХУХСӨ-ний хүндрэл (дээр дурдсан)-ийн хувьд тухайн тохиолдолд байх эсэхээс шалтгаалан авч үзэх хэрэгтэй.

Ходоод-улаан хоолойн сөргөөний менежмент

Амьдралын хэв маяг

Биеийн жингийн алдагдлыг засах, өндөр дэртэй унтах, бага багаар тогтмол хооллох. Халуун цай, архи уух, унтахаас өмнөх 3 цагийн дотор хоол идэх зэргээс зайлсхийх. Мөн улаан хоолойн хөдөлгөөнд нөлөөлдөг эмүүд (нитрат, антихолинэргик, гурван цагирагт антидепрессант г.м.) болон улаан хоолойн салстыг гэмтээдэг бэлдмэлүүд (стероид бус, үрэвслийн эсрэг эмүүд, калийн давс, алендронат г.м.) зэргийг хэрэглэхээс зайлсхийх.

Эмэн эмчилгээ

Шинж тэмдгүүдийг дарах зорилгоор антацид, жишээ нь магнезийн трисиликатын уусмал (10 мл-ээр 8 цагаар), эсвэл алгинат, жишээлбэл гавискон (10-20 мл|8ц уух) хэрэглэх. Хэрэв шинж тэмдгүүд (жингийн, дисфаги, бөөлжих, ходоод гэдэснээс цус алдах зэрэг) 4 долоо хоногоос урт хугацаагаар үргэлжилбэл ходоод гэдсийг дурандуулах шаардлагатай. Хэрэв эзофагит тодорхой байвал протоны насосын ингибитор (нэлээд үнэтэй боловч их үр дүнтэй), жишээ нь лансопразолыг 30мг|хоног тунгаар уулгах. Прокинетик эмүүдээс ходоодыг суллахад нөлөөтэй метоклопрамид (10 мг|8 ц-аар уулгах, гэхдээ ходоодгэдэсний

тонусыг хямраах гаж нөлөөтэйг нь санах) хэрэглэж болох юм.

Мэс заслын арга

Хэрэв уг өвчин нь өрцний ивэрхийтэй холбоотой бол Nissen fundoplication (улаан хоолойн доод хэсэг ба ходоодны фундусын хэсгийг засч янзлах) хэмээх хагалгаа хийдэг. Мөн лапароскопийн зарим арга хэмжээ авч болох талтай.

О.Т: Ялангуяа багтрааны шинж өгч байгаа бол мэс заслын арга чухал.1

O.T: ХУХСӨ-ний үүсэлд H. pylori ямар рольтой талаар эсрэг санаанууд байдаг. Зарим судалгааны үр дүнгээс үзэхэд, ХУХСӨ-ний үед протоны насосын ингибитор эмчилгээг удаан хугацаагаар хэрэглэсэн өвчтөнүүдэд H. pylori-ийг устгах эмчилгээ үр ашигтай байжээ.

 

1 Нэгэн түүвэр судалгаа (n=62)-наас үзэхэд, мэс заслын эмчилгээнээс багтрааны шинж тэмдэг намжилт 43% үр

дүнтэй байхад энэ үзүүлэлт эмэн эмчилгээ хийлгэгсэд ба хяналтын бүлэгт 10%-иас бага байв. Багтрааны шинж

дордох явдал мэс засал хийлгэгсдийн дунд 12%, эмэн эмчилгээ хийлгэгсдэд 36%, хяналтын бүлэгт 48% тохиолджээ. Am. J. Gastroenterol. 2003, 98 987

2 G.Kuipere Gut, 2004, 53 12