Анагаах Ухааны сайт - Гялтангийн хөндийд шингэн хурах хам шинж
Tag Board
200

Эрүүл мэнд

Гялтангийн хөндийд шингэн хурах хам шинж

Гялтангийн хөндийд шингэн хурах хам шинж

Тодорхойлолт

Гялтангийн хөндийд шингэнтэй байхыг хэлнэ. Шингэнд агуулагдах уургийн хэмжээнээс хамаарч транссудат (<25г/л), экссудат (>35г/л) гэж хуваана. Гялтангийн хөндийд цус хурвал гемоторакс; гялтангийн хөндийд идээ хурвал эмпием, өөх тостой лимфийн шингэн хурвал хилоторакс гэнэ. Цус ба агаар хамтдаа гялтангийн хөндийд хурвал гемопневмоторакс гэж нэрлэдэг.

Шалтгаан

Үрэвслийн бус шингэн нь венийн даралт ихэссэнээс (зүрхний дутагдал, констриктив перикардит, шингэн ихээр сэлбэх), эсвэл гипопротеинеми (цирроз, нефротик хам шинж, шимэгдэлт муудах) болсноос үүснэ. Мөн гипотиреодизм ба Мейгсийн хам шинж (баруун талын гялтангийн хөндийд шингэн хурах ба өндгөвчний фибром)-ийн үед тохиолдоно. Үрэвслийн шингэн нь халдвар, үрэвсэл, үсэрхийллийн улмаас хоёрдогчоор гялтангийн хялгасан судасны нэвчимтгий чанар ихсэхэд үүсдэг. Шалтгаан: уушигны үрэвсэл; сүрьеэ;

уушигны шигдээс; ревматоид артрит; түгмэл чонон яр; гуурсан хоолойн гаралтай карцином; хорт хавдрын үсэрхийлэл; лимфом; лимфангит; карциноматоз.

Зовиур: шинж тэмдэггүй, эсвэл амьсгаадах, гялтангийн үрэвслийн шинж чанартай цээжээр өвдөх зовиур хэлнэ.

Шинжүүд: Эмгэгтэй талын цээж тэлэх байдал багасах; тогшиход туйлын дүлий чимээтэй; чагнахад амьсгал суларсан байна. Цээж тэмтрэхэд дууны цуурай, дууны доргион суларсан. Шингэний дээр байрлах уушиг дарагдсан байдгаас энд гуурсан хоолойн амьсгал сонсогдох ба бронхофони тодорсон (шивнэж хэлсэн үгний дууны цуурай дамжих) байдаг. Гялтангийн хөндийд их хэмжээний шингэн хурсан үед цагаан мөгөөрсөн хоолой эсрэг тал руу хазайх шинж гарна.

Гялтангийн хөндийд хатгалт хийж авсан шингэний шинж чанар болон бусад дагалдах өвчний шинж байгаа эсэхийг ажиглана. Үүнд. Хорт чанар (тураал, хуруу, хумсны өөрчлөлт, лимфаденопати, туяаны шинж, мастэктомийн сорви); элэгний архаг өвчний шинжүүд; зүрхний дутагдал; гипотириодизм; ревматоид артрит; түгмэл чонон ярны эрвээхэй хэлбэрийн тууралт.

Шинжилгээ

Цээжний рентген шинжилгээ: бага хэмжээний шингэн хурсан үед хавирга өрцний өнцөг мохоо, их хэмжээний шинжтэй үед устай төстэй тодролтой сүүдэр, дээд ирмэг хагас ташуу харагдана. Дээд ирмэг нь бүхэлдээ хэвтээ болсон бол мөн пневмоторакс хамт үүссэнийг заадаг.

Хэт авиан оншологоо

Гялтангийн хөндийд шингэнтэй эсэхийг тогтоох, оношлогооны болон эмчилгээний зорилгоор гялтангийн хатгалт хийхэд хянах ач холбогдолтой байдаг. Оношлогооны зорилготой гялтангийн хатгалт: тогшилтоор гялтангийн хөндий дэх шингэний дээд хилийг олсоны дараа 1 эсвэл 2 хавирга хоорондын зайтай доош байрлалд хатгалт хийх цэгийг сонгоно. 1%-ийн лидокайн 5-10мл уусмалаар гялтан руу чиглэлд нэвчдэс үүсгэнэ. 21G шприцийг угсарч, хамгийн тохиромжтой хавирганы дээд ирмэгний дээгүүр хатгалтыг хийнэ (мэдрэл, судасны багцаас зайлсхийх). 10-30мл гялтангийн шингэнийг соруулан авч, лаборатори руу эмнэл зүйн химийн шинжилгээ (уураг, глюкоз, рН, ЛДГ, амилаз), бактериологийн шинжилгээ (микроскоп, өсгөвөр, аурамин будалт, сүрьеэгийн нянгийн өсгөвөр), хэрэв шаардлагатай бол цитологийн шинжилгээг заалтаар, иммунологийн шинжилгээ (ревматоид фактор, антинуклеар антител, комплемент)-нд тус тус илгээнэ.

Гялтангийн биопси

Гялтангийн шингэний шинжилгээгээр бүрэн шийдэх боломжгүй үед париеталь гялтангаас Абрамын зүүгээр биопси авах асуудлыг шийдвэрлэнэ. Торакоскопийн эсвэл компьютерт томографийн шинжилгээний хяналт дор биопси хийх нь оношлогооны үр ашгийг нэмэгдүүлдэг (гялтангийн хөндийг шууд харах ба таамаглаж байгаа хэсгээс биопси авах боломжтой).

Эмчилгээ дээрхи шалтгааныг эмчилнэ.

Дренаж буюу гялтангийн шингэнийг гуурсаар соруулж авах, хэрэв гялтангийн хөндий дэх шингэний үед шинж тэмдэг ихтэй, дахин хатгах шаардлагатай үед гуурс тавьдаг. Шингэн удаан (≤2л/24цаг) гарч байвал тун сайн. Үүнтэй адил аргад оношлогооны хатгалт хийх, эсвэл хавирганы хооронд дренаж тавьж шингэнийг соруулж авах арга хамаарна.

Плевродез: тетрациклин, блеомицин, талькаар плевродез хийх нь дахилттай шингэн хурах хам шинжийн үед тус болдог. Хорт хавдрын гаралтай гялтангийн хөндийд шингэн хурах үед торакоскопийн талькан плевродез хийх нь хамгийн үр дүнтэй. Эмпиемийн үед хэт авиан оношлогоо, компьютерт томографийн хяналт дор цээжинд цээжний гуурс байрлуулж эмчлэхэд үр дүнтэй байдаг. Гялтангийн хөндий дотор стрептокиназ хийх нь ач холбогдолгүй байх боломжтой.

Мэс засал: Байнга шингэн соруулах, гялтангийн зузаарал ихсэх (хэт авиан оношлогоогоор) үед мэс засал хийх шаардлагатай болдог.