Tag Board
200

Эрүүл мэнд

Полиневропати

Полиневропати

Полиневропати бол захын мэдрэлүүдийн (гавал-тархины мэдрэлийг оруулаад) тархмал эмгэг бөгөөд биеийн хоёр талыг хамран, гар, хөлийн хязгаарын хэсэгт тэгш хэмээр үүсэх булчингийн сулрал, мэдрэхүйн өөрчлөлтөөр (оймс, бээлий хэв шинжит) тодорхойлогдоно. Эмнэлзүйн цаг хугацааны явцаар нь (цочмог, архаг),

Үйл ажиллагааны өөрчлөлтөөр нь (хөдөлгөөний, мэдрэхүйн, вегетатив, холимог),

Эмгэг процессын шинж төрхөөр нь (миелингүйжих, аксон сөнөрөх, эсвэл хоёул) ангилна. Тухайлбал, Гийен-Барре хамшинжийг цочмогдуу, хөдөлгөөний, миелингүйжих невропати хэмээн үздэг бол архинд донтох өвчин архаг, эхлээд мэдрэхүйн, цаашдаа холимог, аксоны невропати үүсгэнэ.

Полиневропатийн шалтгаануудыг доор харуулсан болно.

Хөдөлгөөний полиневропати

·         Гийен-Барре хамшинж

·         Хар тугалганы хордлого

·         Шарко-Мари-Тут хамшинж

Мэдрэхүйн полиневропати

·         Чихрийн шижин

·         Уреми

·         Уяман

Шинж тэмдгүүд

Мэдрэхүйн невропати

Бадайрах (‘хачин мэдрэмж’), ирэвгэнэх, төөнөх мэдрэмж эхлээд гар, хөлийн захын хэсгийг хамарч (бээлий, оймс хэвшинжийн тархалт) илрэнэ. Хөдөлгөөний талаас жижиг хэмжээний эд юмстай гараараа ажиллахад (жнь: зүүгээр юм оёх) бэрхшээл учирна.

Хөдөлгөөний невропати

Зонхилон давшингуй явцаар (хурдан) гар, хөл суларч, хөдөлгөөний эв дүй алдагдан, явахад бэрхшээлтэй (бүдрэх, унах), амьсгалахад төвөгтэй болно. Доод хөдөлгөгч нейроны шинжүүд: булчин сулрах, хатангиртах шинж зонхилон гар, хөлийн захын хэсгүүдэд (тавхай, сарвуу унжих) маш тод илрэнэ. Рефлексүүд буурах буюу арилна, амьсгалын булчингийн сулрал уушгины багтаамж багассанаар тодорхойлогдоно.

Гавлын мэдрэлүүд

Залгих, ярих үйл өөрчлөгдөж, хоёрчилж харах шинж илрэнэ.

Вегетатив невропати

Оношлолт

Өвчний талаарх өгүүлэмж, эмнэл зүйн эхлэл, явцын байдал, шинж тэмдгийн гарал үүсэл, мөн чанарыг тодруулахын хамт өвчин эхлэхээс өмнө болон зэрэгцэн үүссэн эмгэг (жнь: Гийен-Барре хамшинжийн өмнө Campylobacter-ийн халдвар – бөөлжих, суулгах; жин алдагдсан – хорт хавдар; холбох эдийн өвчин– үе өч өвдөх), аялал жуулчлалаар явсан, бэлгийн амьдралын байдал (халдвар), архи, эмийн хэрэглээ, гэр бүлийн түүх зэргийг нухацтай авч үзнэ. Чихрийн шижин, архидалтын шалтгаант невропатийн үед өвдөлт нилээд тод илэрдэг онцлогтой.

Бодит үзлэг

Мэдрэлийн үзлэгийг сайтар хийж, ялангуяа доод хөдөлгөгч нейроны шинжүүдийг (хөдөлгөөний саа, булчингийн хатангирал, рефлекс буурах буюу арилах) илрүүлэхэд онцгой анхаарахын хамт мэдрэхүйн өөрчлөлтийг хэлбэр тус бүрээр нь тодохойлох хэрэгтэй. Вегетатив тогтолцоо, гавлын мэдрэлүүдийн  үйл ажиллагааг үнэлэх асуудлыг орхиж болохгүй. Мэдрэхүйн өөрчлөлтийг илтгэх гэмтлийн ул мөр (жнь: хурууны түлэгдэл) байгаа эсэхийг тогтооно. Гутлын хоншоорт чирэлтийн ул мөр байгаа бол тавхай унжсаныг илтгэнэ. Захын мэдрэлүүд бүдүүрч өөрчлөгдсөн нөхцөлд уяман, эсвэл Шарко-Мари-Тутын өвчний тухайд бодох хэрэгтэй. Шалтгааны хүчин зүйлийг илрүүлэхийн тулд бусад тогтолцоог шалгана (жнь: архины шалтгаант элэгний өвчин).

Шинжилгээ

Цусны эсийн тоо, ЭТХ, глюкоз, мочевин ба электролит, элэгний үйлийн сорил, бамбайн үйлийн сорил, В12, уургийн электрофорез, нейтрофилийн эсрэг сийвэнгийн антибие (ANCA, Бүлэг 11), цөмийн эсрэг антибие (ANA), хэнгэрцгийн рентген зураг; мөн бүсэлхийн хатгалт хийх, удамшлын невропатийн (Шарко-Мари-Тут хамшинж) үед удамзүйн өвөрмөц шинжилгээ хийх, хар тугалганы түвшин, ганлиозидын эсрэг эсрэг тодорхойлох эсэх асуудлыг авч үзнэ;

Мэдрэлийн сэрэл дамжилтын байдлыг шинжилснээр миелингүйжилтийн болон аксоны невропати алин болохыг ялган оношлоход ач холбогдолтой.

Эмчилгээ

Боломжтой нөхцөлд шалтгааны эсрэг эмчилгээ хийнэ (эмийн хараат байдлыг зогсоох); Сэтгэл засалч, физик, хөдөлмөр эмчилгээний мэргэжилтнүүдийг татан оролцуулна. Мэдрэхүйн невропатийн үед хөлийг арчлах, тохирсон гутлыг сонгож өмсөх нь гэмтэлд өртөх, хөдөлмөрийн чадвар алдалтыг хөнгөвчлөхөд чухал. Гийен-Барре хамшинж, архаг үрэвсэлт миелингүйжих полирадикулоневропатиийн үед судсаар иммуноглобулин хэрэглэх ба судасны шалтгаант невропатийн тохиолдолд стероид болон дархлаа дарангуйлагч бусад бэлдмэл тус нэмэртэй.

Полиневропатийн шалтгаан

Үрэвслийн

·         Гийен-Барре хамшинж, архаг үрэвсэлт миелингүйжих

·         полирадикулоневропати, саркоидоз

Бодисын солилцоолны

·         Чихрийн шижин, бөөрний дутал, гипотироидизм, гипогликеми,

·         митохондрын эмгэгүүд

Васкулит

·         Зангилаат полиартериит, ревматоид артрит, Вегенер грануломатоз

Хорт хавдар

·         Хорт хавдар дагасан хамшинж (ялангуяа жижиг эст уушгины хавдар),

·         Полицитеми, rubra vera ховор,

Халдвар

·         Уяман, тэмбүү, Лаймын өвчин, ХДХВ

·         Витамины дутал болон илүүдэл

·         Аминдэм В1, В6, В12 дутал (ж: архины шалтгаант), фолийн хүчлийн дутал, аминдэм В6 илүүдэл (100мг/хон)

Удамшлын

·         Рефсум хамшинж, Шарко-Мари-Тут хамшинж, порфири, лейкодистрофи г.м

Хор

·         Хар тугалга, хүнцэл

·         Эмийн бодис

·         Архи, цисплатин, изониазид, винкристин, нитрофурантоин; цөөн давтамжаар метронидазол, фенитоин

·         Бусад

·         Парапротеинеми, жнь: тархмал миелом, амилоидоз