Tag Board
200

Эрүүл мэнд

Саркоидоз

Саркоидоз

Энэ нь шалтгаан тодорхойгүй, олон эрхтэн тогтолцооны грануломатоз өвчин юм. Тархалт Англид : 10-20/105 хүн ам байдаг. 20-40 насны хүмүүс голдуу өртдөг. Цагаан арьстаныг бодвол Африк-Карибийнхан илүү олноор, ялангуяа цээжний хэнхэрцгийн гаднах өвчнөөр илүү хүнд өвддөг.

Эмнэл зүйн онцлог

Шинж тэмдэггүй хэлбэр нь 20-40%-д тохиолдоно. Энэ нь ердийн цээжний зураг авахуулах үед санамсаргүйгээр оношлогддог. Хурц саркоидоз ихэвчлэн зангилаат эритем (зураг 18), ± полиартралги шинжээр илэрнэ. Энэ нь голдуу аяндаа арилдаг.

Уушигны өвчний 90% нь цээжний рентген шинжилгээнд хоёр талын угийн булчирхайн томрол (лимфаденопати) ± уушигны нэвчдэс, эсвэл фиброз хэлбэрээр илэрнэ. Зовиур: хуурай ханиалгах, амьсгаадалт давшингуй нэмэгдэх, биеийн ачаалал даах чадвар буурах, цээжээр өвдөх. 10-20%-д шинж тэмдэг даамжирч, уушигны үйл ажиллагаа муудах шинж хамт ажиглагддаг. Уушигны бус эмнэл зүйн шинж дараахь гэмтлүүдээр илэрдэг. Лимфоаденопати; гепатомегали; спленомегали; увеит; коньюктивит; кератоконьюктивит; глауком; сарвууны төгсгөлийн ясны кист; нулимсны болон чихний ойролцоохь булчирхай

томрох; Беллийн саа; нейропати; менингит; тархи нугасны хам шинж; зай эзэлсэн гэмтэл; зангилаат эритем (зураг 18); люпус пернио; арьсан доорхи зангилаанууд; кардиомиопати; аритми; гиперкальцеми; гиперкальцури; бөөрний чулуу; гипофизийн үйл ажиллагааны алдагдал.

Шинжилгээ

Цусны шинжилгээ: улаан эсийн тунах хурд ихсэх, лимфопени, элэгний үйл ажиллагааны өөрчлөлт, сийвэн дэхь АХФ (ангиотензин хувиргагч фермент) ихсэх, иммуноглобулин ихсэх өөрчлөлт илэрнэ. 24 цагийн шээсэнд кальцийн ионы хэмжээ ихэсч, гиперкальциури болсон байдаг. Туберкулины арьсны сорилыг 2-3 удаа давтан хийхэд сөрөг үр дүнтэй. Цээжний рентген шинжилгээ: 90%-д өөрчлөлт гарна. Үе шат 0: хэвийн. Үе шат 1: Уушигны

хоёр талын лимфаденопати. Үе шат 2: Уушигны хоёр талын лимфаденопати + уушигны захаар нэвчдэст өөрчлөлттэй. Үе шат 3: зөвхөн уушигны захаар нэвчдэст өөрчлөлттэй. Үе шат 4: уушигны давшингуй фиброз өөрчлөлт; цэврүү үүссэн (зөгийн үүрний шинж); гялтангийн өөрчлөлт.

Зүрхний цахилгаан бичлэгт аритми, Гиссийн багцын салааны хоригийн шинж гарна. Уушигны үйл ажиллагааны сорил хэвийн, эсвэл уушигны эзэлхүүн багассан, хийн тээвэрлэлт алдагдсан болон рестриктив хэлбэрийн дутагдлын өөрчлөлт харагдана. Холбогч эдийн биопси (уушиг, элэг, тунгалгийн булчирхай, арьсны зангилаа, нулимсны булчирхай)-г оношлогооны зорилгоор хийхэд ээдэмцэргүй зангилаа харагддаг.

Гуурсан хоолой-цулцангийн угаадасны шинжилгээнд өвчний идэвхижлийн үед лимфоцитын тоо олширсон, уушигны фиброзын үед нейтрофил ихэссэн үзүүлэлттэй байна.

Хэт авиан шинжилгээгээр нефрокальциноз, гепатоспленомегали харагдаж болно.

Ясны рентген зураг сарвууны төгсгөл `идэгдсэн` (`punched out`) гэмтэл тодорхойлогдоно.

Компьютерт томограф (КТ)/соронзон доргионы томограф (MRI) уушигны өвчний хүнд хөнгөний зэргийг үнэлэх, эсвэл нейросаркоидозыг оношлох ач холбогдолтой. Нүдний шинжилгээ (завсрын гэрлээр шалгах, флуоресцентийн ангиограф)-гээр нүдний өвчнийг оношлож, дүгнэлт өгнө. Клеим сорилууд нь хуучирсан.

Эмчилгээ

Зөвхөн уушигны хоёр талын лимфаденопатийн үед эмчилгээ шаардлагагүй, аяндаа ихэнх нь эдгэдэг. Хурц саркоидоз: хэвтрийн дэглэм, дааврын бус гаралтай үрэвслийн эсрэг эм хэрэглэнэ.

Дааврын бэлдмэл хэрэглэх заалт:

·         Уушигны паренхимийн өвчин (шинж тэмдэгтэй, тогтвортой, эсвэл давшингуй)

·         Увеит

·         Гиперкальцеми

·         Мэдрэлийн болон зүрхний өөрчлөлт.

·         Преднизолон (40мг/24цаг) уухаар 4-6 долоо хоног, дараа нь тунг багасгаж 1 жил гаруй хугацаанд эмнэл зүйн байдал тогтворжтол хэрэглэнэ.

·         Цөөн тооны өвчтөнд өвчин дахидаг ба цаашдаа курс, эсвэл удаан хугацааны эмчилгээ шаардлагатай болдог. Хүнд хэлбэрийн өвчлөлийн үед венийн судсаар метилпреднизолон эсвэл иммунодепрессант (метотрексат, циклопорин, циклофосфамид) эмчилгээ хийх хэрэгтэй болдог.

Тавилан

Цээжний саркоидозтой өвчтөний 60% нь 2 жилийн хугацаанд аяндаа шимэгдсэн, 20% нь стероид эмчилгээнд хариу урвал өгсөн үр дүн харагддаг. Үлдсэн хэсэг нь эмчилгээ хийж байгааг үл харгалзан эмгэг өөрчлөлт нэмэгдсээр байдаг.