Tag Board
200

Эрүүл мэнд

Уушигны үрэвслийн хүндрэл

Уушигны үрэвслийн хүндрэл

Амьсгалын дутагдал I хэлбэрийн амьсгалын дутагдал (PaO2 <8кПа) харьцангуй элбэг тохиолддог. Өндөр-урсгал (60%) бүхий хүчилтөрөгчөөр эмчилнэ. Хүчилтөрөгч эмчилгээтэй хирнээ биеийн байдал нь дээрдэхгүй байгаа, эсвэл РаСО2 >6кПа бол өвчтөнийг сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт шилжүүлнэ. УАБӨ-тэй өвчтөнд хүчилтөрөгч эмчилгээг болгоомжтой хийх шаардлагатай байдаг; артерийн цусны хийн шинжилгээг олон удаа давтан хийж, РаСО2 ихэсвэл, мөн хүчилшил улам нэмэгдвэл тохирсон агааржуулалт хийх асуудлыг шийдэх хэрэгтэй. Хамгийн гол зорилго нь хүчилтөрөгчийн хангамж (SaО2)-ийг 90-94% дээр барьж байх явдал юм.

Гипотензи

Шингэн алдалт ба судас тэлэгдэлт хавсрах, сепсисийн улмаас цусны даралт буурч болно. Цусны агшилтын даралт 90 мм м.у.б-аас багасвал 250 мл коллоид/кристалл уусмалыг 15 минутаас их хугацаагаар судсаар тарьж өгнө. Хэрэв цусны даралт өгсөхгүй бол төвийн гуурс суулгаж, цусны агшилтын даралт 90 мм м.у.б-аас их болтол нь венийн судсаар шингэн юүлнэ. Хэрэв шингэн юүлэх энэ эмчилгээг үл харгалзан, цусны агшилтын даралт 90 мм м.у.б-аас бага хэвээр байвал сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт инотропик эмчилгээ (адреналин, норадреналин)-г хийж үнэлэх шаардлагатай юм.

Тосгуурын фибрилляци ялангуяа настайчуудад маш их тохиолддог. Энэ нь голдуу уушигны эмчилгээний дүнд засагддаг. Дигоксин нь богино хугацаанд зүрхний ховдлын хариу урвалын хурдыг удаашруулахад хэрэглэгддэг.

Гялтангийн хөндийд шингэн хурах

Уушигны үрэвслийн ойролцоох гялтанд үрэвсэл үүсэхэд гялтангийн хөндийд үрэвслийн шингэн хуралдаж болно. Гялтангийн хөндийд шингэн үүсч байгаа хурд нь шингэн шимэгдэлтийн хурднаас илүү бол гялтангийн хөндийд шүүдэст үрэвсэл үүсдэг. Гялтангийн хөндийд бага зэргийн шингэн хурвал ямар нэгэн үр дагавар гардаггүй. Хэрэв их хэмжээний

шингэн хурвал хам шинж, эсвэл гялтангийн эмпием үүсч, гялтангийн хатгалт хийх шаардлагатай болно.

Эмпием гялтангийн хөндийд идээт үрэвсэл үүсэхийг хэлнэ. Уушигны үрэвсэл илааршихгүй өвчтөн дахин халуурч байвал энэ талаар таамаглах хэрэгтэй. Эмнэл зүйн онцлог, цээжний рентген шинжилгээ нь гялтангийн хөндийд шингэн хурах хам шинжийг заадаг. Гялтангийн хатгалт хийхэд гарсан шингэн нь шар өнгөтэй, рН <7.2, глюкозын агууламж , лактат дегидрокиназын агууламж нийтлэг онцлогтой. Эмпиемийн үед рентген хяналтын дор цээжний гуурсыг хэрэглэн, цээжний хөндийд дренаж тавьж өгөх ёстой. Гялтангийн хөндийн наалдцсыг багасгах зорилгоор гялтангийн хөндийд стрептокиназ (250.000 нэгж тунг 50 мл 0.9%-ийн давсны уусмал найруулж 12 цагаар 3 өдрийн турш)-ыг хийж эмчилнэ. Хугацаа хожимдсон үед үр дүнгүй байдаг.

 

Уушигны буглаа уушгинд доторх идээт халдвар нь хэсэг газарт хөндий үүсгэж байрлахыг хэлнэ.

Шалтгаан: уушигны үрэвслийг зөв эмчлээгүй; аспираци болох (архидалт, улаан хоолойн бөглөрөл, бульбар саа); гуурсан хоолойн бөглөрөл (хавдар, гадны биет); уушигны шигдээс; сепсисийн эмбол (септицеми, зүрхний баруун талын эндокардит, венийн судсаар тариа хийх); өрцний доорх, эсвэл элэгний булаа зэрэг болно.

Эмнэл зүйн онцлог: долгион хэлбэрийн халууралт; ханиалга; өмхий үнэртэй, идээт цэр гарах; гялтангийн үрэвслийн шинжтэй цээжний өвдөлт; цустай ханиах; бие тавгүйрхэх; турах. Хурууны хумс төмбийх шинж; цус багадалтын шинж; уушгинд шажигнуур сонсогдох шинжийг илрүүлэх. 20-30%-д эмпием үүсдэг.

Оношлогоо: Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (анеми, нейтрофилёз) улаан эсийн тунах хурд, С идэвхт уураг, цусны өсгөврийн шинжилгээ хийнэ. Цэрний микроскоп, өснөвөр, цитологийн шинжилгээ. Цээжний рентген шинжилгээнд ханатай хөндий, ихэвчлэн шингэний түвшинтэй харагдана. Бөглөрлийг үгүйсгэх зорилгоор компьютерт томографи, оношлогооны дээж авах зорилгоор бронхоскопийн шинжилгээ хийх асуудлыг шийдвэрлэнэ.

Эмчилгээ: мэдрэг чанарыг үзсэн шинжилгээгээр антибиотикийн сонголт хийж, өвчин эдгэртэл (4-6 долоо хоног) үргэлжлүүлэн хэрэглэнэ. Байрлалын дренаж. Буглааны хөндийгөөс идээ бээрийг соруулж авах, буглааны хөндийд антибиотик хийх, шаардлагатай үед уушигны мэс засал эмчилгээ хийнэ.

Септицеми нь уушигны паренхимээс нян цусны урсгал руу нянгийн халдвар тарсаны үр дүнд үүснэ. Энэ нь халдварын эндокардит, менингит зэрэг халдварын үсэрхийллийн шалтгаан болж болно. Мэдрэг чанарын дагуу антибиотик сонголт хийж, судсаар тарьж эмчилнэ.

Перикардит, миокардит нь мөн л уушигны үрэвслийн хүндрэл юм.

Шарлах сепсис, антибиотик (флуклоксациллин, ко-амоксиклав) эмчилгээний улмаас хоёрдогчоор цөс зогсонгишлын шарлалт голдуу үүсдэг.