Tag Board
200

Эрүүл мэнд

Нойр булчирхайн өмөн хавдар

Нойр булчирхайн өмөн хавдар

Тархвар судлал

Нийт хорт хавдрын < 2% орчмыг эзэлдэг; Жилд ~ 6500 үхэл гардаг (Их Британи). Өвчний тохиолдлын тоо өсөх хандлагатай (Их Британи). Их төлөв > 60 насны эрэгтэйчүүд өвчилдөг. Халгаат хүчин зүйлс: Тамхи таталт, архи уух, чихрийн шижин. Эмгэг өөрчлөлт: Гол төлөв цоргоны аденокарцинома (эрт үеийн үсэрхийлэл; хожуу үеийн хавдар г.м.) тохиолддог. Хавдрын байршлын хувьд 60% нь нойр булчирхайн толгойн хэсэгт, 15% нь сүүл хэсэгт, үлдэх 25% нь их биеийн хэсэгт тохиодог ажээ. Түүнчлэн багахан хувь нь цоргоны ампула (ампулын хавдар) хэсгээс, эсвэл нойр булчирхайн арлын эсүүдээс (инсулинома, гастринома, глукагонома, сомастатинома г.м.) гаралтай байх бөгөөд харин тэдгээр нь тавилангийн хувьд муугүй байдаг.

Шинж тэмдэг ба шинжүүд

Нойр булчирхайн толгой хэсгийн хавдар нь өвдөлтгүй механик шарлалттай явагддаг. Харин их бие, сүүл хэсгийн хавдар нь аюулхайн өвдөлтөөр илэрдэг ба өвдөлт нь нуруу руу дамждаг, урагшаа мэхийн суухад багасдаг. Бас хоолонд дургүй болох, жин багасах, чихрийн шижингийн юмуу цочмог панкреатитын шинж гарч болно. Нэлээд ховор тохиолдолд тромбофлебит; эндокардит; гиперкальциеми; Кушингийн хам шинж; асцит (хэвлийн гялтангад үсэрхийлэл өгсөн бол); порталь гипертензи (дэлүүний венийн тромбоз); нефрозын хам шинж (бөөрний вен судсанд үсэрхийлсэн) ажиглагдаж болох юм. Шинжүүд

Шарлалт + цөсний хүүдий тэмтрэгдэх (Курвуазьегийн шинж, өвдөлтгүй шарлалтын "хууль” + цөсний хүүдий тэмтрэгдэх нь цөсний чулуунаас бусад оношийг тавихад тусладаг); аюулхайд үүсгэвэр мэдэгдэх; гепатомегали; спленомегали; лимфоаденопати; асцит г.м.

Шинжилгээ

Цусанд: холестатик шарлалтын шинжүүд гарна. СА 19-9 нойр булчирхайн өмөнгийн үед ихэсдэг боловч өвөрмөц бус сорил юм. Дүрс оношлогоо: Хэт авиан болон КТ-ийн шинжилгээгээр нойр булчирхайн үүсгэвэр ± цөсний замын тэлэгдэл ± элгэн дэх үсэрхийлэлийн шинж харагддаг. Үечилсэн КТ, эсвэл эндоскопийн хэт авиан шинжилгээгээр мэс заслын хагалгаа хийхийн өмнө байдлыг тодруулж болох юм. ЭРХП шинжилгээгээр цөсний замын бүтэц ба түгжрэлтэй хэсгийн байршлыг дүрслэн харж болно. Соронзон резонанст дүрслэл: мэдрэг чанар нь 84%, өвөрмөц шинж нь 97% байх ба харин ЭРХПийн

шинжилгээний тухайд эдгээр үзүүлэлт нь 70% ба 94%-тай тэнцүү байдаг.

Гистологийн шинжилгээ

Хэт авиан болон КТ-ийн шинжилгээний заалтын дагуу арьсыг нэвт хатган биопси авч, шинжилнэ.

Эмчилгээ

Цоргоноос гаралтай ихэнх өмөн хавдар нь үсэрхийлэл өгсөн байдаг; <10% нь л төгс мэс засал хийхэд боломжтой байдаг. Мэс засал: Хэрэв хавдар < /3 см диаметртэй, үсэрхийлэлгүй байвал панкреатодуоденоэктоми хагалгаа (Whipple-ийн арга) хийх асуудлыг авч үзнэ. Хагалгааны дараахь өвчний дахилт харьцангуй өндөр (туршлагатай мэс засалч хийхэд нас баралт <5%) байдаг. Хагалгааны дараахь химизасал өвчний даамжралтыг саатуулдаг.

Шарлалтыг хөнгөвчлөх: Эндоскопийн аргаар (ЭРХП), эсвэл арьсыг нэвтлэн цөсний цоргыг тэлэгч суулгаж болох юм. Мөн ЭРХП үр дүнгүй юмуу дээрх гэдэс түгжирсэн үед хөнгөвчлөх зорилгоор гэдсийг тойруулан залгах мэс засал хийж болох юм. Өвдөлтийг намжаах: Хүчтэй өвдөлтийг опийн төрлийн бэлдмэлээр юмуу туяа эмчилгээгээр дарж болох юм. Наран сүлжээнд спирт шахах зорилгоор хөнгөвчлөх мэс засал хийж болно.

Тавилан нь ерөнхийдөө базаахгүй. Их төлөв амьдрах хугацаа < 6 сар. 5 жил амьдрах чадварын түвшин: < /2%. Whipple-ийн хагалгааны дараа 5 жил амьдрах нийт боломж 5-14% байдаг. Харин ампула хэсгийн юмуу арлын эсүүдээс гаралтай хавдрын тухайд тавилан нь харьцангуй сайн байдаг.