Tag Board
200

Эрүүл мэнд

Мэдрэлийн хамшинжүүд

Мэдрэлийн хамшинжүүд

"Алиса гайхамшигийн оронд” хамшинж (Тод хамшинж)

Цаг хугацаа, орон зай, өөрийн бие, хүрээлэн буй орчны тухай баримжаалал алдагдах сэтгэцийн өөрчлөлтийн бүрдэл шинжүүдээр тодорхойлогдоно. Эпилепси, мигрень, халдварын үед тохиолдоно.

Арнольд-Киарийн гажиг

Бага тархины буйлс, уртавтар тархи дагзны их нүх рүү шаантаглах хамшинж бөгөөд тархи усжилт, оюуны хомсдол, харааны мэдрэлийн хатангирал, нүдний болон мөчний саажлыг дагуулна. Мөн сирингомиели болон бага тархи, тархины баганан хэсгийн шинжүүд– тэнцвэргүйдэл, залгихгүйдэл, нүдэнд чичигнэлт үүсэх шинжүүд хавсарч болно. Гавлын суурин хэсгийн ясны гажигтай (суурийн хавтгайрал) холбогдож үүснэ. Оношийн ач холбогдлоор КТ-ийн зүслэгээс МРТ-ийн шинжилгээ илүү мэдээлэл өгнө.

[Arnold-Chiari]

Броун-Секар хамшинж

Нугасны хөндлөн хагасын гэмтлийн үед үүсэх бөгөөд голомттой талд гэмтсэн түвшингээс доош хөшүүн саа, үений байрлалын мэдрэхүйн өөрчлөлт илрэнэ. Голомт үүссэн талд гэмтсэн түвшинтэй харалдаалан өвдөлт, температурын мэдрэхүй алдагдаж, голомтын эсрэг талд гэмтсэн хэсгээс доош эдгээр мэдрэхүй буурна (нугасанд мэдрэхүйн зам зөрлөг хийх учир). Гэмтсэн талд рефлекс, булчингийн тонус ихсэнэ. Шалтгаан: гэмтэл, хавдар, тархмал хатуурал, сөнөрлийн өвчин, HTLV-1.

[Charles Brown Sequard, 1817]

Алдар нэр, алдарт бусыг зааглах онцгой шугам

Броун-Секар өөрийн туршилтын дараагаар нэгэн гайхамшигийг нийтэд тунхаглан зарласан түүхтэй. Тэрбээр өөртөө төмсөгний цус, үрийн шингэн болон нохой, далайн гахайн төмсөгний хандыг тарьсныхаа дараагаар мөнхийн залуу байхын нууцыг нэсэн тухайгаа мэдэгдсэн нь 1880-аад оны үед түүний бүтээсэн өвөрмөц хандыг 12000 эмч ээлж дугаар хүлээн байж авч, өөрсдийн өвчтөнд янз бүрийн замаар хэрэглэсэн. Тэрбээр хандаа эмч нарт үнэгүй өгч, гарсан үр дүнг түүнд эргэж мэдээлэхийг хүссэн байна. Нугасны табестай 405 өвчтөнөөс 314 нь сайжирсаны дээр түүний өөрийн шээсний гаралт 25%-иар сайжирсан. Дотоод шүүрэл судлалын шинжлэх ухаанд түүний оруулсан хувь нэмрийг эмч судлаачид мартахгүй ч, өнөөдрийн өдөр тэрбээр практик хэрэглээ болгохоор ямар чухал зүйл нээснийг хэн ч жинхэнэ ёсоор мэдэхгүй байгаа билээ.

Валленберг уртавтар тархины хажуугийн хамшинж

Тархины баганан хэсгийн олон цөмүүдийн гэмтлийн хавсарсан шинжээр илрэх бөгөөд бага тархины арын доод артерийн бөглөрлийн улмаас үүснэ.

Эмнэлүйн шинж тэмдгийн бүрдэлд залгихгүйдэл, тультраадал (IX, X мэдрэлийн цөм), бөөлжилт (хоёрдмол цөм), толгой эргэх (үүдэвчийн цөм) шинж орохын зэрэгцээ гэмтсэн талд бага тархины тэнцвэргүйдэл (бага тархины доод хөл), Хорнерын хамшинж (вегетатив уруудах ширхэгүүд), нүүрний хагаст өвдөлт, температурын мэдрэхүй буурах (V мэдрэлийн цөм), голомтын эсрэг талд энэ хоёр мэдрэхүй биен дээр таллах хэвээр алдагдах (гадна гогцооны ширхэгүүд) зэрэг бүрдмэл шинжүүд хамаарна. Гар, хөлд саа үүсэхгүй, учир нь пирамид зам гэмтэлд өртөгдөхгүй.

Ховор давтамжаар уртавтар тархины дотор талын хамшинж нурууны ба нугасны урд артерийн бөглөрөлтэй холбоотой үүсэх бөгөөд энэ үед голомтын эсрэг талд талласан саа (пирамид зам), байрлалын мэдрэхүйн өөрчлөлт (дотор гогцоо), гэмтсэн талд хэлний саажил үүсдэг онцлогтой.

[Wallenberg]

Вебер хамшинж

Голомт буй талд III мэдрэлийн саа, эсрэг талд биеийг талласан саажил (хемипарез) үүсэх бөгөөд суурийн артерийн дотор хос салаа бөглөрсөнөөс (энэ нь дунд тархины хөлийг цусаар хангана) дунд тархинд шигдээс бий болсонтой холбоотой.

[Weber]

Верник энцефалопаи

Тиамины (В1 аминдэм) дутлаас архисах өвчний үед үүсч, нүд саажих (голчлон гадна шулуун булчин), тэнцвэргүйдэх, ой тогтоолт буурах - сонгомол гурвал шинжээр илрэнэ. Нүдний бусад шинжүүд - нистагм, зовхи буух, хүүхэн харааны гэрлийн урвал өөрчлөгдөх болон ухаан санааны өөрчлөлт илэрч болно. Дээрх шинжүүд илэрч буй тохиолдолд оношийг тавих бөгөөд толгой өвдөх, хоолны дур алдах, бөөлжих, будилж самуурах шинжүүд хавсрах талтай.

Шалтгаан: архинд донтох өвчин, ходоод-гэдэсний замын эмгэг, хоол тэжээлийн дутал, химийн эмчилгээнээс үүдсэн бөөлжилтийн үед В1 аминдэмийн шингээлт алдагдсантай холбоотой үүснэ. Харин тиамины дуталтай өвчтөнд глюкоз хэрэглэхэд Верникийн хамшинж үүсч болохыг анхаарах хэрэгтэй.

Эмчилгээ: тиамин эмчилгээг яаралтай эхлэх нь эргэлтгүй үүсэх Корсаков хамшинжээс (х728) сэргийлнэ. Тиамины тун: 200-300мг/24ц дотуур, барих тун 25мг/24ц дотуур. Эмчилгээний энэ зарчим ерөнхийдөө аюулгүй боловч эрсдэлд хүргэж болно. Амаар хэрэглэх боломжгүй, эсвэл Корсаков хамшинж эргэлтгүй даамжирч буй тохиолдолд павринекс 2-3 хос туншилаар/8ц судсанд 10 мин турш 2 хүртэл хоног тарина, дараа нь өдөр бүр 5-7 хоног хэрэглэнэ. Булчинд тарихад зориулагдсан бэлдмэл үр дүнтэй (жишиг тун 1 хос/12ц булчинд 7 хоног хүртэл). Анафилаксийн шок үүсч болох учир сэхээн амьдруулах хэрэгсэлүүд гарын дор байх шаардалгатай.

[Karl Wernicke, 1874]

Викерстафф тархины баганын энцефалит

Гавлын мэдрэлүүд давшингуй саажих, тэнцвэргүйдэх, ухаан гүнзгий алдагдах, амьсгал боогдох бүрдмэл шинжүүд илэрч, тархи мөхөх эрсдэлд хүргэнэ (харагдахаар бүтцийн өөрчлөлт гарахгүй). Плазмаферез тус нэмэртэй байж болно.

[Bickerstaff]

Герстманн хамшинж

Хуруугаа үл таних, зүүн/барууны баримжаа алдах, бичихгүйдэх, тоололгүйдэх шинжүүдээр илрэнэ. Зулайн ноёлох хэсгийн гэмтлийг харуулна.