Tag Board
200

Эрүүл мэнд

Ходоод, гэдэсний радиологийн шинжилгээ.

Ходоод, гэдэсний радиологийн шинжилгээ.

Хэвлийн чанд авиан шинжилгээг хэвлийн өвдөлт, элэгний үйл ажиллагааны сорилууд өөрчлөлттэй, шарласан, элэг томорсон юмуу хэвлийд ямар нэгэн үүсгэвэр байгаа үед асуудлыг тодруулах үүднээс ашигладаг. Өвчтөн шинжилгээ хийлгэхээс өмнө 4 цагийн турш юм идээгүй байх шаардлагатай. Ингэх нь, цөсний хүүдийг тод харахад хэрэгтэй байдаг. Харин аарцагны хөндийн эрхтэнүүдийг шинжлэхэд давсаг дүүрэн байх нь чухал. Түүнчлэн чанд авиан шинжилгээг оношлогоонд чухал шаардлагатай биопси авах болон аливаа зүйлийг соруулах эмчилгээ хийх асуудлыг шийдэхэд ашигладаг.

Эндоскопийн ретроград холангиопанкреатографи (ЭРХП)

Оношлогооны заалт: Соронзон резонанст холангиопанкреатографийн шинжилгээ (доор өгүүлнэ) хийх боломжгүй байдал, Жнь: холангит; элэгний доторхи цөсний цоргонуудын өргөсөлт бүхий шарлалт; цөсний цоргоны өргөсөлтгүй шарлалт; элэгний биопсигээр оношлогдоогүй шарлалт; дахилт бүхий панкреатит; ходецистоэктомийн дараахь өвдөлт г.м. Эмчилгээний заалт: цөсний ерөнхий цоргоны чулуутай үед спинктеротоми буюу хуниасыг сэтлэх; хорт хавдрын улмаас нарийссан үед цөсний цорго тэлэгч тавих. Ажилбарын бэлтгэл: Цусны бүлэгнэлтийг шалгаж, тромбоцитыг тоолох. Урьдчилан сэргийлэх үүднээс антибиотик (Жнь: ципрофлоксацин 750 мг-аар 2 цагийн өмнө уулгах) ба өвдөлт намжаах эм (Жнь: морфин 5 мг, метоклопрамид 10 мг-аар 1 цагийн өмнө судсанд тарих), бас тайвшруулах бэлдмэл (Жнь, мидазолам 2.5-10 мгаар судсанд тарих) бичиж өгнө. Ажилбар: Таарах хэмжээний резинэн гуурсыг дуоденоскопын хажуугаар явуулан, цөсний ерөнхий цоргонд оруулна. Тэгээд тодотгогч бодис шахсаны дараа цөсний замын болон нойр булчирхайн цоргоны рентген зураг авна. Хүндрэл: Панкреатит; цус алдалт; холангит; перфораци болох г.м. Нас баралт: нийтдээ < 0.2%; хэрэв чулуу их хөдөлгөөнтэй бол 0.4% орчим.

Нарийн гэдэсний рентген шинжилгээ. Гэдсийг бэлтгэсний дараа бари уулгаж, түүнийг мухар гэдэс хүртэлх хугацаанд 30 минут тутам рентген зураг авна. Гэдэсний зарим хэсэг, Жнь, цутгалан гэдэсний байдлыг тодруулах үүднээс томруулсан рентген зураг авч болно.

Нарийн гэдсийг барийн тусламжтай хэсэгчлэн шинжлэх. Гэдсийг бэлтгэсний дараа барийг дээрх гэдэсний гуурсаар хийнэ. Барийг урсгалаар нь явуулдаг дээрх аргыг бодвол энэ арга нь техникийн хувьд нэлээд нарийн бөгөөд салстын өөрчлөлтийг тодорхойлох талаасаа илүү сайн байдаг.

Барийн бургуйтай шинжилгээ. Юуны түрүүн шулуун гэдсийг уян бус сигмоидоскопоор дурандаж, биопси авах шинжилгээг хийдэг. Бэлтгэл хангалт нь колоноскопийн үеийнхтэй адил. Барийн бургуйгаар давхар тодосгол гаргахын тулд шулуун гэдсээр бари ба агаар хийнэ. Сонирхож буй хэсгээ тод харахын тулд анхаарах зүйл бий. Бүдүүн гэдэсний түгжрэл сэжиглэж байгаа бол барийн оронд гастрограффин (gastrograffin) ашиглаж болно. Энэ нь дивертикулыг, мөн өмөн хавдрыг (Жнь, гэдэсний хөндийн нарийссан хэсэгт "алимны хальс” хэмээх шинж) илрүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Кроны өвчний үед "мөлгөр чулуу”, "сарнайн өргөс” болон шархлааны шинжүүдийг, бас бүдүүн гэдэсний нарийсалт зэргийг тодорхойлж болно. Дутагдалтай тал: нэг удаад ихээхэн хэмжээний цацрагийн тун авах; биопси авах боломжгүй г.м. Компьюторт томографи (КТ) нь хэрэв хэт авиан шинжилгээгээр онош тогтоох боломжгүй юмуу техникийн хувьд түвэгтэй зарим нөхцөлд заалттай байдаг. Энэ арга нь ретроперитонеал буюу хэвлийн гялтангын ард байрлалтай бүтцүүдийг сайтар харж шинжлэхэд чухал ач холбогдолтой боловч үзүүлэлтүүдийг уншиж ойлгох талаар их ур чадвар шаарддаг. Тодотгогч бодисыг уулгах болон судсаар тарьж болно. Гол дутагдалтай тал нь өвчтөн өндөр тунгаар цацраг авдаг явдал юм.

Цөмийн соронзон резонанст дүрслэл. Энэ арга нь хэт зөөлөн эдийн дүрслэлийг гаргахад болон хортой, хоргүй хавдрыг хооронд нь ялгахад чухал ач холбогдолтой байдаг. Бас нэг давуу тал нь КТ-г бодвол цацраг бага гаргадагт оршино. Дутагдалтай тал нь зүрхний сэрэл сэдээгч (pacemakers) болон аливаа метал зүйл биедээ суулгуулсан өвчтөнийг энэ аргаар шинжилж болдоггүй. Учир нь, энэ шинжилгээг хийлгэсэн, аливаа метал биедээ агуулсан өвчтөнд клаустрофоби (claustrofobia) "хязгаарлагдмал орон зайнаас айх өвчин” хэмээх эмгэг тусдаг ажээ. Түүнчлэн соронзон резонанст холангиопанкреатографи (СРХП) хэмээх шинжилгээгээр нойр булчирхайн гол цоргоны анатомийн байрлалыг маш нарийн тодорхойлж болно. Рентген-анатомийн мэдээлэл авахад хэвтээ (горизонталь) зүслэг хийх нь тустай байдаг. Орон зайн муу шийдлээс болоод техникийн боломж хязгаарлагдах тал бий. СРХП нь цөсний ерөнхий цоргоны чулууг оношлохын хувьд 83%-ийн мэдрэг чанартай, 99% өвөрмөц чанартай бөгөөд зарим эрх бүхий байгууллагын тогтоосноор, шинжилгээний хэсэгчилсэн сонголт хийх боломжтой, бусад шинжилгээтэй давхардахгүй, гаж нөлөө багатай байдаг.

Радиодолгион бүхий капсулаар дүрслэх шинжилгээ. Үүний тулд тусгай бэлтгэсэн капсулыг залгиулна. Капсулын байрлалыг радиодолгионы тусламжтайгаар тогтоон, тэр хэсгийн дүрслэл зургийг авах маягаар шинжилгээг явуулдаг. Энэ арга нь ялангуяа нарийн гэдсэн дэх өөрчлөлтийг, тухайлбал ходоод гэдэсний цус алдалт (Жнь, ангиодисплази)-ыг тогтооход тустай. Харин энэ аргын үед биопси авах болон эмчилгээний ажилбар хийх боломжгүй