Tag Board
200

Эрүүл мэнд

Асуулт ба хариулт

Асуулт ба хариулт
Асуулт ба хариулт- Компьютер дээр удаан ажилласнаар компьютераас шалтгаалах өвчин заавал тусах уу?
- Компьютер дээр удаан ажилласан, ялангуяа компьютер тасралтгүй хэрэглэдэг зарим хэрэглэгчид нуруу, хүзүү, мөр, гар, бугуйн эмгэг тусах магадлалтай. Тэгэхээр ажлын байрны орчин нөхцөлөө сайтар бодолцоод, өөрийнхөө эрүүл мэндэд нийцүүлж ажиллавал энэ тийм ноцтой проблем биш. Сайн дизайнтай, тохилог, ая тухтай ажлын байр олон асуудлаас урьдчилан сэргийлж чадна. Харин нэгэнт ийм эмгэг үүсчихсэн бол эмчид хандахаас өөр яах билээ.
- Компьютер нүдний хараанд тэгж их нөлөөлнө гэж үү?
- Тэгэлгүй яах вэ, компьютерийн дэлгэц нүдний ганц дайсан гэхэд бараг болно. Мэдээж ямар ч амралтгүй, удаан хугацаагаар ажиллавал шүү дээ. Дээр нь бас гэрэлтүүлэг чухал нөлөө үзүүлнэ. Хэрвээ компьютерийн байрлал буруу, гэрэлтүүлэг их муу бол нүд хэзээ ч аврагдахгүй. Тэгэхээр компьютерийн байрлал, өрөөний орчин их нөлөөлнө. Дээр хэлсэнчлэн дэлгэц тогтвортой, өнгөний ялгарал, чанар сайтай бол нүд ядрах нь хамаагүй бага байна.
- Би контакт линз зүүдэг. Компьютер дээр удаан хугацаагаар ажиллавал ямар хүндрэл гарах вэ?
- Компьютер нь өрөөний агаарыг их хуурай болгодог. Тэгээд л нүд аргаж чилдэг. Мөн нүүрний арьс хуурайшиж, уруул ам их хатдаг гэж дээр хэлсэн. Тэгэхээр контакт линзтэй хүн компьютер дээр удаан ажиллавал хуурай халуун, хэцүүхэн нөхцөлд л ажиллаж байна гэж өөрийгөө тооцоход гэмгүй. Иймд нулимс орлуулагч шингэн буюу нүдний дусаагуур хэрэглэх нь зүйтэй. Мөн болж өгвөл компьютер дээр ажиллахдаа линзээ аваад нүдний шил зүүсэн нь хамаагүй дээр.
- Компьютер дээр удаан ажилласнаар стрессд өртөх үү?
- Мэдээж. Компьютер хэрэглэх болсноор зарим хүнд мэдэхгүй, чадахгүй зүйл олон тохиолдож, хүндрэл бэрхшээл тулгардаг. Жишээ нь, компьютер гацах, юу нь мэдэгдэхгүй гэнэт тасалдах гэх мэтээс болж стрессд орох магадлал бий. Системийн функцуудыг бүрэн сурахад их хэцүү, их хугацаа шаарддаг болохоор ихээхэн нервтэж эхэлдэг. Уйгагүй хичээл, чармайлтаар энэ асуудлыг даван туулж болно. Гэтэл зарим ажилчдын түм буман олон ажлыг бүр ч ихээр хөнгөвчилж өгдөг болохоор тэд стрессд орох нь юу л бол, харин ч ажлаа илүү хялбараар гүйцэтгэх боломжийг олгодог компьютертаа ухаангүй хайртай байдаг.
- Толгой өвдөхийн гол шалтгаан компьютер мөн үү?
- Тиймээ, толгой өвдөх гол хүчин зүйлүүдийн нэг нь компьютер дээр ажилласнаас байж болох юм. Учир нь агаарын хуурайшил, компьютерийн хортой туяа зэрэг нь толгой өвдүүлдэг. Өөрөөр бас ажлын явцад бий болох стрессүүд, тухайлбал нүдний шил зүүх шаардлагатай болох, линзээ өөрчлөх, чанар муутай дэлгэц, хурц гэрэл ойх, буруу суух зэрэг бүх зүйлүүдээс болж толгой өвдөж болно. Хэрэв толгой чинь өвддөг бол ажлын байрны орчин нөхцөлөө шалга. Мөн компьютер дээр завсарлахгүйгээр хэр удаан ажилладгаа бодоод өөрчлөөд үзэхэд гэмгүй шүү.
- Тэгээд компьютер дээр яаж ажиллавал зөв зохистой ажилласан болох вэ?
- Энэ бол хийж байгаа ажлаас бүхэлдээ хамаарна. Мэдээж текст бичиж байгаа бол тасралтгүй удаан хугацаагаар бичвэл хуруу гар ядарна. Ерөнхийдөө тасралтгүйгээр хоёр цагаас илүү ажиллаж болохгүй. Ямар ч яаралтай ажил байсан дор хаяж хоёр цаг тутамд 10 минут орчим амарч байх хэрэгтэй. Мөн юу ч хийж байсан 20 минут тутамд нүдний хараагаа дэлгэцээс шилжүүлж байх ёстой. Тэгээд дээр хэлсэнчлэн компьютер болон чиний сууж байрлал, харьцаа зөв байх шаардлагатай.
- Хөл хүнд болсон бол компьютер дээр ажиллаж болохгүй юу?
- Хөл хүнд бүсгүйчүүд бол компьютер дээр ажиллахаа шууд болих хэрэгтэй. Учир нь бие давхар хүн жирийн хүмүүсийг бодвол илүү ихээр ядардаг тул компьютер дээр суувал өөрөө ч ядарна, урагт ч муугаар нөлөөлнө гэж үздэг. Угаасаа ямар ч хүн компьютер дээр ажиллахдаа ихээхэн ядарч, бүх бие чилж хөшин, нүд, толгой өвддөг. Харин заавал ажиллах шаардлагатай бол дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэй.
  1. Ажлын хуваариа сайтар зохицуулах. Тасралтгүй удаан хугацаагаар ажиллаж болохгүй.
  2. Хэт ядартлаа ажиллахгүй, ойр ойрхон амарч, завсарлаж байх хэрэгтэй.
  3. Хөлөө хавагнахаас сэргийлж, хүнд ачаалал аль болох өгөхгүй байх. Өөрт эвтэйхнээр хөлөө байрлуулах. Мөн үе үе дээш өргөж амрааж байх ёстой.
  4. Өрөөндөө цэвэр агаар тогтмол оруулж, шингэн зүйл байнга уух хэрэгтэй.
 
- Компьютер гоо сайханд яаж нөлөөлөх вэ?
- Энэ бол эмэгтэйчүүдийн санааг байнга зовоодог асуудал. Компьютер өрөөний агаарыг хуурайшуулдаг юм чинь урд нь суугаад ажиллаж байгаа хүний нүүрний арьс бүр ихээр хуурайших нь мэдээж. Түүнээс удаан ажилласнаас болоод уруул, ам хатаж шингэн дутагддаг. Дээр нь нүд, болон зовхи, нүүрний арьс ядарч өнгөө алдана. Иймд компьютер байгаа өрөөний агааржуулалт маш сайн байж өрөөний чийгийг сайн тохируулах хэрэгтэй. Компьютер байдаг орчинд тасалгааны цэцэг, аквариумтай загас тавьж болно. Нөгөө талаар компьютер дээр ажиллах нь хөдөлгөөн хязгаарлагдаж илүү жин нэмж болзошгүй юм. Тэгэхээр ажлын бус цагаар идэвхтэй хөдөлгөөнтэй байж, биеийн жингээ барих хэрэгтэй.